Б.Н.Зангане: Ираны хувьд 70 долл/баррель бол боломжийн үнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-06-03 08:55:26

ТЕГЕРАН./TASS/. Нефть олборлолт болон экспортод ямар нэгэн хязгаарлалт тогтоох нь Иран улсын үндэсний эрх ашигт нийцэхгүй, түүнчлэн ОПЕК-ийн орнуудын ашиг сонирхолд ч мөн нийцэхгүй гэж Ираны Нефтийн сайд Бижан Намдар Зангане мэдэгдэв. Тэрбээр Австрийн нийслэл Вена хотод ОПЕК-ын гишүүн орнуудын 169 удаагийн чуулган эхлэхийн өмнөхөн ИРНА мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа үүнийг онцлон тэмдэглэжээ.

Түүний ярьснаар, өнгөрсөн тавдугаар сард Иран улс өдөрт дунджаар 2 сая 23 мянган тонн нефть экспортолсон бөгөөд ойрын үед уг үзүүлэлтийг тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаас өмнөх түвшинд хүргэх зорилго тавиад байгаа аж.

Сайд цааш нь ярихдаа “дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 70 доллар/баррель байвал үүнийг бид бодит бөгөөд шударга үнэ хэмээн үзнэ” гэж онцлон тэмдэглэлээ. Үүний сацуу тэрбээр Венад өнөөдөр эхэлж буй уулзалтаас ямар нэгэн бодитой үр дүн гарна гэж Ираны тал найдан хүлээхгүй байгааг дурдаад “бидний хувьд гол асуудал бол ОПЕК-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох явдал юм” гэж мэдэгджээ.

Б.Зангане Венад ирэхийнхээ өмнө Тегеран хотод сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Иран улс өнгөрсөн оны 12 дугаар сард болсон ОПЕК-ын өмнөх уулзалтаас хойших хугацаанд нефтийн экспортоо хоёр дахин нэмэгдүүлсэн боловч энэ нь дэлхийн зах зээлд сөргөөр нөлөөлөөгүй” гэдгийг хэлсэн байна.

Сануулан дурдахад, энэ оны 4 дүгээр сард ОПЕК-ын гишүүн орнууд болон тус байгууллагад нэгдээгүй хэд хэдэн орон оролцсон уулзалт болсон билээ. Энэ үеэр Саудын Арави улс үнийг өсгөх зорилгоор нефть олборлолтыг хязгаарлах тохиролцоонд  Иран нэгдэх ёстой гэсэн шаардлага тавьж байсан боловч Тегеран үүнийг зөвшөөрөөгүй юм. Учир нь, Ираны эрх баригчид тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаас өмнөх түвшинд нефтийн экспортоо хүргэснийхээ дараа дээрх тохиролцоонд нэгдэж болох юм гэсэн байр суурьтай байгаа аж. Тодруулбал, хоригоос өмнө буюу 2012 онд Иран улс өдөрт 2,5 сая баррель нефть экспортолж байсан бол хориг тавьснаар энэ хэмжээ өдөрт 1 сая баррель болж буурчээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

Холбоотой мэдээ