Энэ жил зургаан сумын 200 га талбайд ойжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-04 12:09:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ 2021 онд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас ойг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд 745,7 сая төгрөг зарцуулахаар баталсан. Түүний 90,0 гаруй хувийг ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зориулахаар төлөвлөөд байна.

- Хутаг-Өндөр, Тэшиг, Баян-Агт зэрэг хангайн бүсийн есөн сумын 30,8 мянган га талбайд ойн хортонтой тэмцэх, Бугат, Бүрэгхангай, Сэлэнгэ зэрэг зургаан сумын 200 га талбайд ойжуулалт хийнэ. Мөн 300,0 мянган га талбайд ойн хортон судалгааны ажил хийхээр хөрөнгө төсөвлөсөн. Аймгийн хэмжээнд байдаг дөрвөн сумын ой ангийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг жигдрүүлэн, тарьц суулгацны нэр төрлийг олшруулахад тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар ажиллаж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.

Өнгөрсөн онд ойжуулалт, ойн хортон шавжаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 667.1 сая төгрөг зарцуулж, Бугат, Сэлэнгэ, Хангал сумын нийт 1130 га талбайд ойжуулалт хийсэн байна. Мөн ой бүхий зургаан сумын нутагт ойн хортон шавжтай тэмцэх ажлыг 30,8 мянган га талбайд зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ