Т.Батсүх: Хахууль авах, өгөх гэмт хэрэг голдуу сургууль, цэцэрлэгийн байгууллагад гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-04 14:17:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, бүртгэгдсэн зөрчил, гэмт хэрэг, гэмт хэргийн нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар тус газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүхтэй ярилцлаа.


Баян-Өлгий аймгийн Прокурорын газар 2020 онд дэвшүүлсэн зорилтуудаа хэрхэн биелүүлэв?

- Прокурорын байгууллага 2020 онд авлига, албан тушаал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах, гэмт хэргийн улмаас төр болон иргэнд учирсан хохирлыг арилгуулах гол зорилт тавьж ажилласан. Манай аймагт гэмт хэрэг ч, зөрчил ч өнгөрсөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Цар тахалтай холбоотой бүх нийтийн хөл хорио тогтоосон  байдал гэмт хэргийн тоо буурахад нөлөөлсөн байх гэж үзэж байна.


2020 онд хэдэн зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн бэ?

- 2020 онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд нийтдээ 2958 зөрчлийн шинжтэй гомдлыг хүлээн авч бүртгэж, шийдвэрлэлтэд нь хяналт тавилаа. Энэ бол өнгөрсөн оныхоос зохих хэмжээгээр буурсан үзүүлэлт.  Аймгийн хэмжээнд 12985 зөрчлийн хэрэг шийдсэн. Үүнээс 12529 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг даруй илрүүлж, тэр дор нь шийдэж байгаа гэсэн үг. Шийдсэн зөрчлүүдийн дотор замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлүүд хамгийн их байна. Хоёрдугаарт гэр бүлийн хүчирхийлэл их гарч байгаа. Архидан согтуурч гэр бүлдээ агсам тавьдаг зөрчил хөл хорионы дэглэм тогтоосон ч ялгаагүй гараад байгаа.

Түүнээс гадна гудамжинд ил задгай бие засах, хог, тамхины иш, нус шүлсээ хаях, гудамж талбайд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил манай аймагт гарч байна. Өнгөрсөн онд энэ төрлийн 1000 орчим зөрчил бүртгэгдсэн.


Эдгээр зөрчлүүдийг шалган шийдвэрлэх талаар цагдаа болон бусад эрх бүхий байгууллагуудын албан тушаалтнуудын гаргасан шийдвэр хууль тогтоомжид нийцэж байна уу, хүний эрхийг зөрчиж байна уу гэдгийг прокурорын байгууллага хянаж ажиллалаа.  


Гэмт хэргийн талаар хэдэн гомдол мэдээлэл хүлээж авсан бэ?

- Нийтдээ 597 гомдол мэдээлэл хүлээн авч, шалган шийдвэрлэв. Үүний 92 хувийг бүрэн шийдсэн байгаа. Мөн 32,8 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 527 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажилласан. Өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт авлига, албан тушаалын гэмт хэрэг нэлээн шалгагдаж шийдэгдлээ. Шүүхэд шилжүүлсэн хэрэг ч өссөн байгаа. 2020 онд ийм төрлийн 13 хэргийг шүүхэд шилжүүлж шийдсэн нь бусад аймагтай харьцуулахад нэлээн өндөр тоо юм. Эдгээр хэргүүдийн тал хувь нь ажилд ороход авлига авдаг гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийг ажилд оруулахад заавал мөнгө авдаг, мөнгө өгдөг гэдэг хандлага манай аймагт түгээмэл байна. Энэ бол нийгэм дэх маш буруу үзэгдэл. 2021 онд аймгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга нар, төрийн захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.


Анхаарал татсан өөр ямар хэргүүд байна?

- Өнгөрсөн онд шийдэгдсэн хэргүүд дотор хүний амийг хороох хэрэг нэлээн гарлаа. Өөрөөр хэлбэл, архидан согтуурсны улмаас бусдын аминд хүрэх, шалтгаангүйгээр хүний амь хохироох, бусдын эрүүл мэндэд янз бүрийн гэмтэл учруулах хэргүүд гарсан. Бас нэг анхаарал татсан хэрэг бол танхайрах гэмт хэрэг бусад жилтэй харьцуулахад өссөн байна. Сурагчид хүртэл олноороо нийлж танхайрсан хэрэг гарсан. Сургуулийн 40-50 хүүхэд нийлж хоорондоо зодолдсон. Бас залуучууд бүлэглэн танхайрч бусдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан хэрэг гарлаа. Хулгайлах гэмт хэрэг жил болгон гарч байгаа. Гэхдээ 2020 онд манай аймагт буурсан үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэргийг сайн илрүүлж байгаа. Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 247 сая төгрөгийн хохирол учирсан дүн гарсан. Өмнөх оныхоос өссөн байгаа.

Түүнээс гадна авто осол болон хүнийг санаатай алах гэмт хэргийн улмаас 2019 онд 13 хүн нас барж байсан бол 2020 онд энэ тоо 36 болж 63 хувиар өссөн.


Тийм учраас 2021 онд энэ чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн өөрийгөө егүүтгэх хэрэг жил бүр 40 орчим гардаг байсан бол энэ жилд ч энэ түвшинд байна. Шалтгаан нөхцөлийг судлахад ихэвчлэн гэр бүлийн таагүй уур амьсгал, согтууруулах ундаа хэрэглэдэг, түүнээс болж амьдрал нь доройтсон зэрэг шалтгаанууд нөлөөлж байна. Энэ байдалд төр захиргааны байгууллагууд анхаарах шаардлагатай. Дараагийн нэг анхаарал татсан зүйл бол байгалийн ховор ургамал түүх гэмт хэрэг гарч байна. Вансэмбэрүү цэцэг түүсэн. Энэ ургамлыг түүх байтугай гар хүрэх ёсгүй. Түүнээс гадна зэрлэг сонгино түүж гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс байна. Зэрлэг сонгино 1996 оны Засгийн газрын тогтоолоор ховор ургамлын тоонд орчихсон. Тийм учраас одоо зэрлэг сонгиныг шуудай шуудайгаар түүх цаг өнгөрч байна гэдгийг иргэдэд анхааруулж хэлмээр байна.


Шүүхэд хэдэн хэрэг шилжүүлсэн бэ?

- Нийтдээ 230 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийн байдлыг харахад 260 орчим хүнд ял оногдуулжээ. Үүнээс 120-д нь торгох шийтгэл, 50 гаруй хүнд хорих ял, 40 орчим хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.


Төрийг хохиролгүй болгох чиглэлээр ямар ажил зохион байгуулсан бэ?

- Прокурорын байгууллага гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд хяналт тавихаас гадна төр, нийтийн ашиг сонирхол хохирсон тохиолдолд шүүхэд иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Өнгөрсөн оны байдлаар 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг арилгуулах иргэний шүүх хуралд прокурор оролцсон. Энэ нь өнгөрсөн оныхоос өссөн дүнтэй байна.


Төрд ямар байдлаар хохирол учирч байгаа вэ? Албан тушаалтнуудын буруутай шийдвэр, үйлдлийн улмаас уу?

- Янз бүр л байна. Өнгөрсөн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан гээд сангуудаас их хэмжээний санхүүжилт, зээлүүдийг тараасан байна. Тараасан зээлүүдээ төр буцааж авдаггүй. Зарим тохиолдолд буцалтгүй тусламж маягаар тараачихсан, гэрээ хэлцэл хийхгүйгээр өгчихсөн тохиолдол маш их байна.


Сонгуулийн өмнө үү?

- Тийм ээ, голцуу сонгуулийн өмнө, сонгуулийн дараа. Нэг талаар улс төрийн шийдвэр гаргаж өгчихдөг хандлага харагдаж байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа үүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Тэр мөнгөө төр нэхдэггүй. Тийм учраас уг мөнгийг прокурорын байгууллага нэхэж байна. Төрийг хохиролгүй болгох арга хэмжээг 2021 онд нэлээн түлхүү явуулна. Түүнээс гадна Сум хөгжүүлэх сан, Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг дураараа, зориулт бусаар зарцуулдаг, сонгуульд гарчихаад санал өгсөн хүмүүсээ урамшуулах байдлаар шагнал болгож тараадаг муухай хандлага гарч байна. Үүнээс болж маш олон хүн төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр гэмт хэрэгтэн болж шалгуулж байгаа. Мөн хүнийг ажлаас нь үндэслэлгүй халчихаад, эргээд тэр хүн нь шүүхийн шийдвэрээр ажилдаа ороход өмнө нь ажиллаж байсан хүнтэй давхар цалин хөлс гардаг. Үүнээс болж төрд маш их хохирол гарсан байгаа.


Ажилтныг ажлаас нь үндэслэлгүй халсны улмаас төрд учирсан хохирлын хэмжээ манай аймагт хэр их байгаа вэ?

- Хохирлын дүн нэлээн өндөр байна. Нийтдээ 450 орчим сая төгрөгийн хохирол гарчихсан. Үүнтэй холбогдуулан прокурорын байгууллага  нэхэмжлэл гаргаад шүүхэд хандаад явж байна. Хамгийн гол нь төрийг хохиролгүй болгох ёстой. Албан тушаалтнуудын өөр өөрсдөөс нь гаргуулна.


Буруутай албан тушаалтнууд төрд учруулсан хохирлоо өөрсдөө төлж барагдуулсан тохиолдол байна уу?

- Төлсөн тохиолдол байхгүй, шүүхээр шийдвэр гаргаад л байна. Шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар л хохирол төлөгдөнө гэсэн үг.


Төрийн аудитын байгууллага ажлаа хийхгүй байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү?

- Тийм ээ. Буруутай албан тушаалтнаас цалин хөлсийг гаргуулах талаар төрийн байгууллагууд прокурорын байгууллагад хүсэлт гаргах ёстой. Хүсэлт гаргасан тохиолдолд прокурорын байгууллага төрийг төлөөлж нэхэмжлэл гаргадаг журамтай.

Бид шүүхээр ажилдаа эргүүлэн тогтоосон хүмүүсийн тоог сүүлийн 4 жилийн байдлаар, эргүүлэн тогтоосноос учирсан хохирлын хэмжээ гээд бүх судалгааг нь гаргаад, аудитын байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагуудад «танайх энэ мөнгөө нэхээч» гэж хүргүүлж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн дагуу хохирол барагдуулах хүсэлтээ ирүүлэх ёстой боловч тэд ирүүлэхгүй байна.

Төрийг биш хувь хүнийг хамгаалсан буруу шийдвэрүүд гаргаж байгаа нь эндээс харагдаж байна.


Шүүхийн тайланг хараад байхад 2020 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 6, хахууль авсан 3 гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн хахууль өгсөн 2 гэмт хэрэг шийдэгдсэн байна. Хахууль өгөх гэмт хэрэг ямар байгууллагад гарсан вэ?

- Хахууль авах, өгөх гэмт хэрэг голдуу сургууль, цэцэрлэгийн байгууллагад гарч байгаа. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгүүдэд орон тоо нэмэгдэж байна, шинээр цэцэрлэг байгуулагдаж байна. Орон тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ажилд орохыг хүссэн иргэдийн тоо маш олон байна. Энэ хүмүүс ажилд орохын тулд заавал сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид авлига өгөхийг зорьдог болжээ. Нөгөө хүмүүс нь бас авахыг зорьдог байна. Энэ чиглэлийн хэргүүд шийдэгдэж байна.


- Иргэд хахуулийг аргагүй байдлаар биш өөрсдөө дураараа өгч байгаа гэсэн үг үү?

- Ер нь манай иргэд мөнгө өгөхгүй бол ажилд орж чадахгүй гэсэн буруу хандлагатай болсон байна. Энэ хандлагаасаа болж хүмүүсийг, мөн өөрсдийгөө гэмт хэрэгтэн болгож байгаа тохиолдлууд байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Авлига өгч ажилд томилсон хүн ажил хийхгүй. Удирдлага нь шаардлага тавьж чадахгүй байдалд хүрнэ. Хоёрдугаарт, авлига өгч ажилд орно гэдэг бол чадвартай боловсон хүчин сонгож авах ажиллагаанд сөрөг нөлөөлдөг. Чадвартай хүн мөнгөгүй бол ажилгүй үлдэж, чадвар муутай, боловсрол муутай хүмүүс авлига өгөөд ажилд орчихдог явдлыг арилгах ёстой.


Малын хулгай гэмт хэргийн тоо өссөн харагдаж байна. Энэ юутай холбоотой вэ?

- Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаа. Тийм учраас тоо нь өссөн харагдаж байна. Өнгөрсөн онд Баяннуур, Ногооннуур, Улаанхус суманд мал бүлэглэн хулгайлсан олон хэрэг гарсан. Голдуу адуу хулгайлсан. Энэ нь адууны зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой. Эдгээр хэргүүдийг бүгдийг нь илрүүлээд шүүхэд шилжүүлж, шийдсэн байгаа.


Цагдаагийн байгууллагын тайланд Баян-Өлгий аймагт үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн гэж бичсэн байна. Энэ ямар гэмт хэрэг вэ?

- Төрийн ажил төрийн албан ёсны хэлээр явах ёстой. Түүнтэй холбоотой хэргүүд гарч байна. Өөрөөр хэлбэл баримт бичигт уул, ус, газар орны нэрийг өөрчилсөнтэй холбоотой хэрэг байгаа. Айхтар онц аюултай хэрэг биш.


Авлигатай тэмцэх газраас манай аймагтай холбоотой хэдэн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бэ?

- Авлигатай тэмцэх газар манай хяналтын харьяа байгууллага. Өнгөрсөн оны байдлаар Авлигатай тэмцэх газар нийтдээ 20 гаруй хэргийг шийдэж байна. Энэ бол бусад аймагтай харьцуулахад өндөр тоо. Одоо ч Авлигатай тэмцэх газарт 10 орчим хэрэг шалгагдаад явж байна. Энэ төрлийн хэргийн тоо өсөж байгаа.


Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжтэй холбоотой хэргийн явц юу болж байна?

- Шалгагдаж байна. Уг хэргийг 2018 онд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн байгууллага анх илрүүлж, шалгаж эхэлсэн хэрэг. 2019 онд Улаанбаатар хотод хяналт тавьж шалгагдсан. 2019 оны дундаас Ховд аймагт хяналтын харьяаллыг тогтоож шалгаж байгаа. Энэ ямар учиртай вэ гэхлээр, Баян-Өлгий аймгийн прокурор, цагдаа, шүүхийн байгууллагад төрөл садан, найз нөхдийн холбоотой хүмүүс олон байгаа. Тийм учраас энэ хэргийг шударгаар шийдэх шаардлагатай гэсэн зарчмын үүднээс Ховдод харьяаллыг нь тогтоосон. Одоо энэ хэргийн шалгах ажиллагаа нь миний авсан мэдээллээр дуусах шатандаа орж байгаа байх.


Яг хэдэн хүн холбогдож байгаа вэ?

- Их олон хүн байна. Олон эмч холбогдсон. Холбогдсон хүмүүс бүгд буруутай гэж үзэж болохгүй. Эцсийн шийдвэр шүүхээс гарна. Зарим нь цагаадна, зарим нь шийтгүүлнэ гэх мэтээр шүүхийн шийдвэр янз бүрээр л гардаг шүү дээ.


2019 онд тус агентлагт өгсөн ярилцлагадаа залилах гэмт хэрэг өсөж байгаа талаар ярьсан. 2020 онд байдал ямар байв?

- Залилах гэмт хэрэг энэ жил буурсан. Яагаад гэвэл бид өнгөрсөн жилд залилах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар радио, телевизээр олон удаа сэрэмжлүүлэг явуулсан. Цагдаагийн байгууллагаас «Ятгах тусам нягтал» нэртэй арга хэмжээ зохион байгуулсан. Үүний үр дүн гарч байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг гараад байгаа. Жишээлбэл, хүмүүс ямар нэгэн юм худалдаж авна гэж зар тавихад тэрийг нь ашиглаад залилж байна. «Надад байна, мөнгийг нь шилжүүлчих» гэж мөнгө аваад дараа нь алга болчихдог. Өмнө нь сүлжээний хэрэг гардаг байсан. Энэ чиглэлээр иргэдтэй тулж ажилласны үр дүнд сүлжээний гэмт хэрэг байхгүй болсон. Нийтдээ 200 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй залилангийн хэрэг энэ жил шүүхээр шийдэгдлээ.  Тухайн хүнд 7 жилийн ял оногдуулсан байгаа. Нийтдээ 50 орчим хохирогчтой хэрэг байгаа юм.    


Прокурорын байгууллага 2021 онд ямар зорилт дэвшүүлж байна?

- 2021 онд албан тушаал, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах зорилт дэвшүүлсэн. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд энэ ажлыг зориуд тусгасан. Хоёрдугаарт, байгалийн ховор ургамал түүх гэмт хэргээс иргэдээ сэрэмжлүүлье гэсэн зорилт тавьж байна. Жишээлбэл, өнөөдөр иргэд сонгиныг ховор ургамлын тоонд орсныг мэдэхгүй байна. Саримс түүж байна. Тарвага, гахай агнах зөрчил, гэмт хэрэг гараад байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Дээр нь өнгөрсөн онд хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэрэг анхаарал татсан. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай байна.


Иргэдэд хандаж юуг зөвлөж хэлэх вэ?

- 2020 онд манай аймагт зөрчил, гэмт хэрэг харьцангуй буурсан он болж өнгөрлөө. 2021 онд мөн адил гэмт хэрэг, зөрчил багатай, хүний амь, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлсэн, бусдын эд хөрөнгө, эд зүйлсийг устгаж гэмтээхээс сэргийлсэн сайхан жил болоосой гэж хүсэж байна. Ард иргэдтэйгээ хамтарч гэмт хэрэг, зөрчлийг бууруулна. Түүнээс биш зөвхөн цагдаа, прокурор, бусад эрх бүхий байгууллагуудын хүчээр гэмт хэрэг, зөрчлийг бууруулна гэж ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь иргэдийн оролцоо, иргэдийн ухамсар чухал юм.  

Холбоотой мэдээ