Хүүхэд залуусын төлөөлөл агаарын бохирдлыг хөндөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-12-28 14:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөө, хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой" цахим уулзалт, хэлэлцүүлэг яг одоо болж байна. 

НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Скаутын холбооноос зохион байгуулж буй уулзалтад Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгч нар оролцож байна. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хүн амын талаас илүү иргэд оршин суугаа нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэж, түлэхийг хориглосон шийдвэр гаргаж сайжруулсан түлш нэвтрүүлэх арга хэмжээ авснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулаад буйг онцоллоо.



Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч, хатагтай Спесиоз Хакизимана, АНУ-ын Сейнт Луис дэх Вашингтоны Их сургуулийн профессор Жей Турнер, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Алтанзул, НҮБ-ын Хүүхдийн сангийн "Цэвэр агаар" хөтөлбөрийн менежер С.Алтанцэцэг, Монголын Скаутын холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүн, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургууль болон нийслэлийн Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн багш, сурагч нар оролцож байна. 

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хүний эрхийн үндэсний шинжээч Б.Болорсайхан "Байгаль орчин ба хүний эрх" сэдвээр, АНУ-ын Сейнт Луис дэх Вашингтоны Их сургуулийн профессор Жей Турнер "Агаарын бохирдлыг хэрхэн хэмждэг" талаар илтгэл тавьж хэлэлцүүлж байна. 


Уулзалтаар агаарын чанарын тодорхойлолтын талаарх мэдээллийг авах, уг мэдээлэл нь ил тод байх нь хүний эрхийн гол асуудал. Агаарын бохирдлыг бууруулах талаар дуу хоолойгоо нэгтгэж өөрсдийн эрүүл, аюулгүй байдал, орчны төлөө дуугарах нь мөн хүний эрх, ялангуяа агаар, орчны бохирдолд хамгийн их өртдөг, эмзэг бүлэг болох хүүхэд залуусын эрх юм гэдгийг хөндөн ярилцаж байна.




Холбоотой мэдээ