Сургууль, цэцэрлэгийн анги танхимд агаар шүүгч суурилуулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-28 13:04:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас сургууль, цэцэрлэгийн анги танхимд агаар шүүгч төхөөрөмжийг суурилуулж байна.

Агаарын болон хөрсний бохирдол ихтэй өвөл, хаврын улиралд цонхоо нээх нь цэвэр агаар оруулахаас илүүтэй тоос шороо, хөө тортог оруулж, дотор орчинд бохирдол үүсгэдэг. Сургууль, цэцэрлэгийн хичээлийн цагаар хүүхдүүд агааргүй орчинд удаан сууснаас үүдэн амьсгалын замын өвчлөлд өртөх нь их байдаг аж. Тэгвэл ОХУ-д үйлдвэрлэсэн уг төхөөрөмжийг суурилуулснаар цонх нээхгүйгээр агаар сэлгэж, орчныг чийгшүүлдэг байна.

Одоогоор тус төхөөрөмжийг Арвайхээр сумын 12 цэцэрлэг, 3 сургуулийн анги танхимд суурилуулжээ. Үр дүн хангалттай сайн байвал бусад сургууль, байгууллагуудыг ч хамруулна хэмээн сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ. Шүүлтүүр суурилуулснаар ямар үр дүн гарч байгааг 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гандолгороос тодруулахад “Цаг уурын байгууллагатай хамтраад шинжилгээ хийж үзэхэд төхөөрөмж тавьсан ангиуд харьцангүй агаар чийгшилттэй, тоосжилт бага байна” гэв.

Агаар цэвэршүүлэх цонхны шүүлтүүрийг “Оквилл-Эко” ХХК нийлүүлж байгаа бөгөөд Мэргэжлийн хяналт, Стандарт, хэмжилзүйн лабораториор баталгаажуулсан байна.

Холбоотой мэдээ