Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-24 19:18:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, УИХ-ын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.


Засгийн газраас COVID-19 цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүсэж албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүссэн. Тиймээс 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар төслийг хэлэлцэхийг гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 42 нь буюу 62.7 хувийн саналаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ