Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үндэсний стандарт боловсрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноос, ноолуурын нэр хүндийг дэлхийн зах зээлд өсгөх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн удирдамж” тогтолцооны стандарт боловсруулж дууслаа.
Монголын Ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалын албаны Стандартын хороо, ЕХ-ны "Step EcoLab" төсөл хамтран боловсруулсан стандартыг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа - 2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлоготой уялдуулан, текстилийн салбарыг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлийн зарчимд нийцүүлэхийг зорьжээ.
Энэ стандарт нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, эрчим хүч, химийн бодисын хэрэглээ, үйлдвэрлэлийн хог хаягдал, нийгмийн хариуцлага, хөдөлмөр хамгаалал, мал амьтны эрх зэрэг өргөн хүрээг хамарч байна.
Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын алба нь энэхүү стандартын хүрээнд тохирлын үнэлгээ хийж, “Mongolian Noble Fibre – Sustainable cashmere“ тохирлын гэрчилгээ олгож, баталгаажуулах юм.
Стандарт боловсруулсан ажлын хэсэг ноос, ноолуурын үйлдвэрүүдийн саналыг авсны дараа СХЗГ-ын Техникийн хороогоор хэлэлцүүлж Монгол Улсын үндэсний стандарт болгон батуулах юм.