Б.Ганбат: Шинээр хийж бүтээхээс илүү хийсэн ажлынхаа ашиглалтыг сайжруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-24 12:22:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Ганбаттай ярилцаж, зарим тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа.


-Таныг ажил авахтай зэрэгцэн бүх нийтээр хөл хорио тогтоосон. Одоо сумын хэмжээнд халдвар, хамгааллын дэглэм ямар шатанд байгаа вэ?

-Сумын Засаг даргаар ажиллаад сар гаруй хугацаа өнгөрч байна. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хүнд цаг үед ажлаа хүлээн авсан. Сумын Онцгой комиссын даргын хувьд бэлэн байдлын арга хэмжээг яаралтай авч, хорио цээрийн дэглэмийг сахиулах чиглэлээр нэлээн ажиллалаа.

Арвайхээр сумын Онцгой комиссын 46, өрхийн Эрүүл мэндийн төвийн 57, багийн Ажлын албаны 40 гаруй хүн, багийн гудамжны ахлагч 195 хүн гээд олон хүний хүч оролцоотойгоор хөл хорионы дэглэмийг тогтоож, хүн ардаа халдвараас хамгаалж ажиллалаа. Одоогоор Арвайхээр сумын хэмжээнд 2 мянгаад хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст албаны 260 гаруй хүн хяналт тавин ажиллаж байгаа. Иргэдээ татаж авсан, хот хоорондын хөдөлгөөн харьцангүй багассан учраас халдвар тархах нь гайгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ тайвширч болохгүй. Өнөөдөр ч гэсэн энэ цар тахлын айдас арилаагүй байна.

Тийм болохоор манай иргэд амны хаалтаа зүүх, бээлий өмсөх, гараа ариутгах, зайгаа барих, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх гээд хэдхэн энгийн дүрмийг байнга хэрэгжүүлснээр гарт баригдаж, нүдэнд харагдахгүй аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой гэдгийг хэлье.

-Аймгаас зарим айл өрхүүдэд хүнс, түлээ нүүрс, өвс тэжээлийн тусламж, дэмжлэг үзүүлж байгаа. Энэ ажил Арвайхээрт ямар байдлаар хэрэгжиж байна вэ?

-Хөл хорионы дэглэмээс шалтгаалан өрхийн орлого буурсан, зорилтот бүлгийн 400-гаад иргэнд хүнсний тусламж үзүүлж байна. Хүнсний талонд хамрагддаггүй, цалин, халамжийн мөнгө авдаггүй айл өрхийг багийн даргын судалгаанд үндэслэн гаргаж, баг бүрээс 30 хүн тус бүрт 25 кг гурил олгож байгаа. Мөн ахмад настантай 2373 өрхөд 3-4 шуудай нүүрсний тусламж үзүүлж байна. Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан оторт яваагүй 570 гаруй малчин өрхөд таван боодол өвсийг үнэ хямдруулан нийлүүлж байгаа. Арвайхээр сумаас 111 малчин өрх бод, бог нийлсэн 35659 толгой малтайгаар гадны 14 аймгийн нутаг дэвсгэрт отроор өвөлжиж байна.


-Та саяхан “Арвайхээр хотын зөвлөл”-ийг байгуулсан. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн эрх, үүрэгтэй давхцахгүй юу?

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулиар “Хотын зөвлөл” ажиллах эрх зүйн зохицуулалт хийсэн байдаг. Хотын оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, оролцоог хангах үүднээс “Хотын зөвлөл”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Арвайхээр сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай ахмадууд, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчид, хувийн хэвшлийн төлөөллүүд гээд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон эдгээр хүмүүс Захирагчийн албаны үйл ажиллагааг хянан хэлэлцэх, хотын хөгжилд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд мэдлэг, чадвар, туршлагаа хуваалцан ажиллах юм.


Арвайхээр бол хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй хот. 40-өөд мянган хүнтэй. Арвайхээрийн зөвхөн нэг баг нь зарим сумтай адил хэмжээний хүн амтай байна. Гэтэл хуучин Нэгжийн тухай хуулиар /ЗЗНДНТУТХ/ Монгол Улсыг жигд хөгжүүлнэ гээд хүн амын тоо хамаарахгүйгээр төсөв, бүтэц орон тоог ижил түвшинд баталчихдаг. Тэгсэн хэрнээ сум бүхэл бүтэн аппараттай ажиллаж байхад багт дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан гэсэн гуравхан орон тоо байдаг. Үүнээс шалтгаалаад Арвайхээрт боловсон хүчин, төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байх зовлон их байсан.

Одоо Үндсэн хууль, Нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ алдааг засаж залруулж, хүн ам ихтэй суурин газрууд хөгжих гарц нээгдэж байна.

ИТХ-ын Төлөөлөгчдийн тухайд бол өөрсдийн сонгогдсон тойргийнхоо хүрээнд ард иргэдээ төлөөлөн ажиллана. Тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдүүлэхийн тулд төсөвт хөрөнгө суулгаж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

-Арвайхээр сумын Засаг даргын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан сумын ИТХ-аар баталсан. Хөтөлбөрт ямар онцлог ажлуудыг тусгав?

-Арвайхээр сумын Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийг хэлэлцэн батлаад байна. Хөтөлбөр боловсруулахын өмнө цахим сүлжээгээр олон нийтэд зарлаж, санал авсан. Нийтдээ мянга гаруй хүн санал хүсэлтээ илэрхийлснээс давхардаагүй 166 төрлийн санал ирсэн байна. Үйл ажиллагааны хөтөлбөрт  таван зорилт, арга хэмжээ, 200 гаруй зүйл заалтыг тусгасан. УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэх томоохон ажлуудаас дурдвал, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, инженерийн шугам сүлжээг өргөтгөхөд ахиц дэвшил гаргаж ажиллана гэж бодож байгаа. Олон жил ярьж байгаа Дулааны станцыг барьж ашиглалтад оруулах тал дээр анхаарна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой ажлууд хийнэ. Баянтээгийн уурхайг түшиглэн байгуулсан шахмал түлшний үйлдвэр ажиллаж байгаа. Он гаргаад баг бүрт 10-30 айлд туршилтын галлагааг хийж үзнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн анги тамхимд гаднах угаарын хийг ялгаруулж, цэвэр агаарыг дотогш оруулан хүчилтөрөгч нэмэгдүүлдэг агаар цэвэршүүлдэг вакуум сорогч суурилуулж байна. Энэ төхөөрөмжийн ашиглалт, үр дүнд анхаарч ажиллана.

Ирэх жил олон тэгш ой давхцаж байгаа. Ойг угтсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд хийгдэнэ. Хотын төв дэх хуучин барилгуудын өнгө үзэмжийг сайжруулахаар зураг төсөл гаргаж байна.

-2021 оныг ямар жил болгон зарласан бэ? 

-Сумын ИТХ-д санал оруулан 2021 оныг “Иргэний оролцоо -Эрүүл орчин” зорилтот жил болгон зарлалаа. Нэгт, дэлхий нийтээрээ халдварт цар тахлын өвчлөлтэй тэмцэж байгаа энэ үед хувь хүн бүрийн үүрэг хариуцлага, идэвх оролцоо өндөр байж хүнд үеийг даван туулах учраас халдвар, хамгааллын арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж бодож байгаа.

Хоёрт, төсвөөс хөрөнгө мөнгө гаргаад хийж бүтээсэн ажлыг хайрлах, гамнах тал дээр иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна. Жишээ нь: Аймгийн төвд автобусны буудлууд барьсан, гэрэлтүүлэг суурилуулсан. Гэтэл эвдээд хэмхлээд эхэлсэн байна. Хот маань өнгө үзэмжтэй байвал, бид ая тухтай амьдарна гэдгийг бодолцож, нийтийн эд хогшлыг хайрлаж, хамгаалж сурмаар байна.

Гуравт, аймаг 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад иргэдийн оролцоо сайн байх хэрэгтэй. Нэг талаас иргэд хөдлөх, нөгөө талаас төр дэмжих, энэ хоёр нийлж хамтарч байж бодит үр дүн гарна.

-Арвайхээрт нохой муур, хог тоос гээд иргэдийг бухимдуулсан олон асуудал байдаг. Үүнд хэр анхаарч ажиллах вэ?

-Нохой устгалын ажлыг “Арвайхээр” ТҮК-ээс өвлийн улиралд тогтмол зохион байгуулдаг ч хүч хүрэхгүй байна. Тэгэхээр золбин муур, нохой ихэссэний дараа устгах биш, ихэсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Үүнд иргэдийн оролцоо чухал. Хээрийн чоныг агнахаар хийморь сэргэдэг гэж ярьдаг хэрнээ нохой устгах нь арван хар нүглийн нэг гэж ярих нь утгагүй. Энэ бол мухар сүсэг. Жаахан хүүхэд нохойнд булчингаа сэт хазуулчихаад байхад л манай нохойг битгий оролдоорой гээд байгаа нь буруу л даа. Ядаж л нохойгоо уяж сурмаар байна. Манай нохой урдаггүй гээд сул тавьчихдаг, хашааны гадаа байгаа нохойноос гудамжаар яваа хүн бүр л айна шүү дээ.

Дараагийн асуудал эзэнгүй мал байна. Хотын төв дэх ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр төсөв хөрөнгө, хүч хүч гаргаад л ажилладаг. Гэвч эзэнгүй мал орж, эвдэж сүйтгэх асуудал багагүй гарч байна. Тиймээс А зэрэглэлийн бүсдээ мал оруулахгүй байх, мал орсон тохиолдолд эзэнд нь хариуцлага тооцох арга хэмжээг авна. Мөн ус түгээх байруудыг иж бүрэн цахимжуулах, гэрэлтүүлэг, камерыг нэмэгдүүлэх гээд төлөвлөсөн ажлууд бий. Ер нь бол шинээр хийж бүтээхээсээ илүү хийж бүтээсэн ажлынхаа ашиглалтыг сайжруулж, үр дүнг үзэх тал дээр илүү анхаарч ажиллана.

Мөн хувь хүний хөгжилд анхаарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Эмгүйгээр эрүүлжих буюу дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжих, зөв хооллолт, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, хүүхэд, залуучуудыг утасны дэлгэцээс салгаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уриалах, хуучны уламжлалт тоглоом наадгайг сэргээсэн уралдаан, тэмцээн зохион байгуулах гэхчлэн төлөвлөсөн ажил олон бий.

Коронавирустэй холбоотой хөл хорионы асууудал намжиж, хэвийн байдалд шилжихээр нийтийг хамарсан ажлуудыг хийж эхэлнэ.

-Таны ажилд амжилт хүсье.

Холбоотой мэдээ