Хувьссан коронавирус 71 хувиар илүү тархаж байна

COVID-19
sodonizm@gmail.com
2020-12-23 13:29:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хэдийгээр улс орон нь коронавирусний эсрэг хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн ч нэг хүний болгоомжгүй үйлдэл дахин шинэ халдварын голомт үүсгэх эрсдэлтэйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хоёр улсын жишээгээр иш татав.

 

Тайланд улс коронавирусний халдварыг хурдан цомхотгосон орны нэг болж байсан боловч энэ сард тус улсад байдаг хүнсний зах халдварын голомт болж, 427 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тоо цааш нэмэгдэх хандлагатай байгаа аж.

 

Тайваньд мөн коронавирусний халдварыг богино хугацаанд цомхотгосон ч гадаадаас ирсэн нисгэгчтэй тус улсын иргэн ойр харьцсаны улмаас дахин халдварын голомт бий болж, 770 хүн өвчилж, 7 хүн энджээ. Үүнээс үзбэл коронавирусний тархалт нэмэгдэх, багасах нь нэг хүний үйлдлээс шалтгаалж буй жишээ дэлхийн олон орондгарч байна. 

 

Мөн тэрбээр хэлэхдээ “Мутацид орсон коронавирус Англи улсад илэрсэн байна. Уг вирус нь өмнө нь жижиг мутацид орсон коронавируснээс тархалтын хувьд 71 хувиар илүү. Богино хугацаанд халдварладаг. Бага насны хүүхэд, залуучууд мутацид орсон вирусээр халдварлаж байгааг судалгааны дүн харуулж байна” гэв.

Ташрамд дурдахад, Манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 57-оор нэмэгдсэн. Үүнийг өнгөрсөн өдрийнхөөс 47-оор их үзүүлэлт болж байна. Өмнөговь аймагт ЗӨСҮТ-ийн нүүдлийн лаборатори 54 жолоочид, мөн  тус төвийн  вирус судлалын лаборатори 6782 хүнд коронавирус илрүүлэх   шинжилгээ хийсэн байна.  Бүх хариу сөрөг гарчээ.

 

Түүнчлэн  нийслэлийн долоон обьектын 865 шоо метр, Сэлэнгэ аймгийн 5 обьектын 4600 шоо метр талбайд ЗӨСҮТ-ийн баг  голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн байна.

Тусгай дугаарын 7 утсанд 8236 хүн хандаж, коронавирусээс сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөмж, мэдээлэл авсан бол  ЭМЯ-ны 323002 дугаарт 132 хүн хандаж, зөвлөгөө авчээ.

 

Холбоотой мэдээ