“Биорат” бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-22 15:09:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадог хүлээн авч уулзав.


Монгол Улс Куба улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Талууд өнгөрсөн хугцаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэн, хоёр орны эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтыг улам өргөжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.


Мөн “Биорат” бүтээгдэхүүнийг манай улсын бэлчээрт их хэмжээгээр ашиглах технологийн зөвлөмж боловсруулах хамтарсан судалгаа хийх, энэ бүтээгдэхүүнийг гадаад улсаас импортлоход өртөг өндөр тул Монголын улаанбуудайг түүхий эд болгон ашиглаж, дотооддоо үйлдвэрлэн өртөг багасгах талаар санал солилцжээ. 


Зөвхөн үүгээр хязгаарлалгүй ургамал хамгаалал, ариутгал, халдваргүйжилтийн зорилгоор үйлдвэрлэдэг биологийн гаралтай бүтээгдэхүүнийг манай улсын хөдөө аж ахуй, таримал ургамлын салбарт ашиглах боломжийг судалж хамтран ажиллах зэрэг саналыг салбарын сайдад танилцууллаа.


Куба улс 2000 оноос хойш Монгол Улсын Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч мэрэгч амьтан устгах “Биорат” биологийн бүтээгдэхүүнийг амжилттай туршжээ. Бүтээгдэхүүн нь Монгол Улсад ашиглах биологийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэлтэй юм. 

Холбоотой мэдээ