Тяньжиньд импортын хүнсний бүтээгдэхүүний савлагаанаас коронавирус илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-22 15:05:22

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хойд нутгийн Тяньжинь хотод импортын гахайн шийрийн савлагаанаас цуглуулсан сорьцоос “COVID-19”-ийг үүсгэдэг коронавирус илэрлээ гэж орон нутгийн эрх баригчид даваа гарагт мэдээлжээ.


"Импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд хийсэн шалгалтын үеэр гахайн махны савлагаанаас вирус илэрсэн" гэж Тяньжинь хотын “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах төвөөс мэдээлсэн байна. Уг хүнсний бүтээгдэхүүнийг Даниас импортолсон байжээ.


Мэргэжилтнүүд зах зээлд нийлүүлээгүй байсан импортын бүтээгдэхүүнүүдийг битүүмжилсэн бөгөөд орчныг нь халдваргүйжүүлжээ. Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний савлагаа болон орчноос цуглуулсан 196 сорьцын шинжилгээний хариу сөрөг гарсан байна.


“COVID-19” илэрсэн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцсан 24 ажилтныг тусгаарлажээ. Одоогоор тэднээс авсан шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.


БНХАУ “COVID-19” импортын хүнсээр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа юм. Тодруулбал, Тээврийн яам хилийн чанадаас импортолсон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс халдвар дамжихаас сэргийлэх удирдамжийг 11 дүгээр сарын дундуур гаргажээ.


Мөн Төрийн зөвлөлийн “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажлын хэсэг импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний зохицуулалттай холбоотой төлөвлөгөөг танилцуулсан байна. 

Холбоотой мэдээ