Эрүүл мэндийг дэмжсэн зарим үйлчилгээг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-21 17:34:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын захирамжаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлж, дархлааг дэмжих үүднээс зарим үйлчилгээг маргаашаас эхлэн зөвшөөрсөн байна.

Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс бусад спорт заал, усан спорт, сургалтын төв, бялдаржуулах, чийрэгжүүлэлтийн танхим мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд 10.00-20.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Мөн “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шүлжүүлсэн хугацаанд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулан, бусад албан хаагчийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

            Аймгийн Засаг дарга төрийн байгууллагад “Covid-19” халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөө бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ