Монгол Улстай хил залгадаг ОХУ-ын бүс нутгуудад коронавирусний халдвар нэмэгдсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-12-18 13:56:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирустэй тэмцэх хариу арга хэмжээ үргэлжилж байна. Түргэн оношилгооны цэгүүдэд сүүлийн 24 цагийн байдлаар 4198 хүн шинжилгээ өгснөөр улсын хэмжээнд нийт 399 929 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байгаа юм.


ЗӨСҮТ-ийн нүүдлийн лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, 270 хүнд шинжилгээ хийжээ. Мөн халдварын голомтын 30 обьектын 5375 шоо метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Тусгай дугаарын 7 утсанд 10 328 хүн, ЭМЯ-ны 323002 дугаарт 305 хүн хандаж эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө авчээ.


Манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 18 тохиолдол нэмэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 13 тохиолдлоор их үзүүлэлт болж байна. Харин ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусээр 28 214 хүн нэмж бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо  2 762 668 боллоо. Манай улсын олон аймагтай хил залгадаг ОХУ-ын Буриад, Тува, Забайкальск, Алтайн БНУ-д өвчлөлийн тоон үзүүлэлт өндөр хэвээр байна. Ялангуяа Забайкальскд  хамгийн их буюу сүүлийн 24 цагийн дотор коронавирусний халдвар 261 тохиолдлоор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 23725 болжээ.


БНСУ-д сүүлийн 24 цагийн дотор 1014 хүн нэмж өвчилсөн нь тус улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Үүний шалтгааныг БНСУ-ын Өвчин судлалын хүрээлэнгийнхэн тайлбарлахдаа “Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсны улмаас халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн” гэжээ.   Ингээд нийт тохиолдлын тоо тус улсад 46 454 боллоо гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт судалгаа, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Холбоотой мэдээ