Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт мал, тэжээвэр амьтдын тооллогын ажил 12
дугаар 16-наас эхэлж байна.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан Тооллогын комисс
байгуулж, 15 суманд чиглэл заавар өгч, халдвар хамгааллын дэглэм баримтлан
малчин өрхүүдээр явж тооллогын ажлыг зохион байгуулах аж.
Аймгийн тооллогын комиссын бүрэлдэхүүн бүхий хяналтын
тооллогын ажлын хэсгүүд отрын бүсэд дөрвөн чиглэлд, аймаг дотроо гурван чиглэлд
гарч, хяналт хийхээр болжээ.
2019 оны жилийн эцсийн дүнгээр аймгийн хэмжээнд нийт 7248
малчин өрх, 8593 мал бүхий өрх байгаа ба нийт малчдын 50 орчим хувь нь оторт
яваа ба цар тахлын халдвар дэгдсэн энэ онцгой нөхцөлд мал тооллогын ажлыг
зохион байгуулж байгаа тул аймгийн Статистикийн хэлтэс, ЭМГ зэрэг мэргэжлийн
байгууллагуудаас 15 сумын статистик хариуцсан ажилтан, багийн Засаг дарга нарт онлайнаар
заавар зөвлөмж өгсөн байна.