Өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-16 11:47:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрч байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, оторлож байгаа малчидад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төсөл”-өөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.


Тэрбээр, “Дээр дурдсан аймгуудад 40 орчим мянган малчин өрх бий. Тусламжийн хүрээнд нэг малчин өрхөд 300 мянга орчим төгрөгийн малын тэжээл олгох юм. Тусламжийг тээвэрлэх, түгээх ажлыг ХХААХҮЯ зохион байгуулна” гэлээ.


Мөн Улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээл гаргах болжээ. Тэжээлийг өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад 50 хувийн хөнгөлөлттэй, өвсийг үнэ төлбөргүй олгох болжээ.


Зудын эрсдэлийн үнэлгээгээр 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх, тэр дундаа Баянхонгор аймаг нэн их эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гаржээ.

Холбоотой мэдээ