“Sinopharm” ирэх онд 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-16 11:33:43

АНКАРА. /Anadolu/. БНХАУ-ын “Sinopharm” эмийн корпораци ирэх онд 1 тэрбум тун коронавирусний вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна.


Энэ тухай “CNBG” группын захирлуудын зөвлөлийн дарга Ян Сяоминь мэдэгджээ. Бээжин, Ухань хотын хоёр компани жилд 300 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.  


Ухань хотын вирус судлалын хүрээлэн, Бээжин хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн хамтран гарган авсан хоёр вакцин туршилтын гурав дахь үе шатандаа явж байгааг Сяоминь цохон тэмдэглэжээ.


Вакцины дархлааны хариу үйлдэл үзүүлэх чадвар, аюулгүй байдлыг шалгах эхний хоёр шатны туршилт Хятадад болжээ. Гурав дахь үе шатны туршилт АНЭУ-д 7 дугаар сарын 17-нд эхэлсэн байна. Туршилт АНЭУ-аас гадна Бахрейн, Иордан, Аргентин, Марокко зэрэг 10 улсад явагдаж байгаа бөгөөд 60 мянган хүн оролцож байгаа аж. 

Холбоотой мэдээ