Өвс тээвэрлэж явсан машин осолдож, шатахуун асгарсан байсныг аюулгүй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-14 13:29:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өвс тээвэрлэж явсан ачааны автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унаж, автомашины шатахууны сав болон нөөц саван дахь шатахуун асгарч байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 13-ны өдрийн 20:45 цагт бүртгэгджээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн Богд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Хово” загварын ачааны автомашин 850 боодол тээвэрлэж яваад ийн осолдсон байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 42 км замыг туулан 22:26 цагт очиж, 30 минут ажиллаж шатахууны саван дахь шатахууныг гарган авч, өвсийг зөөвөрлөн холдуулж аюулгүй болгон Өлзийт сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

Тухайн явдал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Хар нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 38 км/-т болсон байна. 

Холбоотой мэдээ