Зардлын тайлангаа ирүүлээгүй намыг сонгуульд бүртгэхгүй байх заалтыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2015 оны 12 дугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар, Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг зохицуулах болсон. Улмаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцох тогтоолыг баталсан юм. Ингэснээр, 2016 оны ээлжит бүх сонгууль тус хуулиар зохицуулсан. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатайг хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдал илтгэж буй тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүн уг төслийг өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зарчмын зөрүүтэй 71, найруулгын 3 багц санал боловсруулснаа байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.11.“эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намуудыг;”, “3.1.12.“цахим хуудас" гэж бүх төрлийн контентыг интернетийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг.” гэсэн агуулгатай 3.1.11, 3.1.12 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Түүнчлэн төслийн 19 дүгээр зүйлд “19.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг нэмэхийг дэмжив.
Төслийн 33 дугаар зүйлд “33.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 33.2.8 дахь заалт нэмэхийг гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн. 35 дугаар зүйлд “35.11.Энэ хуулийн 33.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 35.11 дахь хэсгийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх буюу 90.9 хувийн саналаар дэмжлээ.
Төслийн 39 дүгээр зүйлд “Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэнд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.” гэсэн агуулгатай 39.3 дахь хэсэг нэмэхээр санал хураахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь 81.8 хувийн саналаар дэмжлээ.
Төслийн 52 дугаар зүйлд “52.6.Энэ хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй намыг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн агуулгатай 52.6 дахь хэсэг нэмэх саналыг дэмжив.
Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. Төслийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.