Түр мөрдөх журам батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-08 10:38:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын гишүүдээс зөвхөн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйлчлэх тогтоол гаргаж, тогтоолын хавсралтаар түр мөрдөх журмыг баталсан байна.   

Энэхүү тогтоолын агуулга нь одоо хэрэгжиж байгаа дэглэмийг улам нягтруулж иргэдийн хөдөлгөөнийг багасгах зорилготой аж. Иймээс Сүхбаатар сумын иргэд та бүхэн энэхүү тогтоолыг чанд мөрдөж, цөөхөн хоногт гэр гэртээ байж бидний ажилд тус дэм болно гэдэгт итгэж байна хэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээлэлдээ онцоллоо. Мөн тэрээр цахимаар яваад байгаа тэг зогсолт хийнэ гэсэн мэдээллийг хэн, хаанаас, ямар зорилготой тараасныг ойлгохгүй, одоогоор хэлж мэдэхгүй байна. Иймээс иргэд та бүхэн цаашид аймгийн онцгой комиссын тамга, тэмдэгтэй албан ёсны мэдээллээс бусад мэдээлэлд автахгүй байхыг анхааруулъя гэлээ.

Энэхүү түр журам нь 12-р сарын 7-ны өдрийн 06.00 цагаас 12-р сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Уг журмыг гаргаснаар тэг зогсолт хийж, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа биш төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллгагааг тусгай горимд шилжүүлж байгаа шийдвэр юм байна. Журамд заасны дагуу:

-Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагаа \тооны хязгаарлалттай \

-Банк болон банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд

-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд

-Шатахуун түгээгүүрийн газар \Тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагууд дэглэмийн үед зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдээс бусад\ зэрэг газруудын үйл ажиллагааг хязгаарласан байна. Мөн журамд заасан хугацаанд

-Иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсооно.

-Төрийн үйлчилгээг иргэд, байгууллагуудад зөвхөн цахим хэлбэрээр үзүүлнэ.

-Иргэд аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сан, дулаан, цахилгаан, усны хангамж, хүнсний худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүллийн дэглэмийг мөрдөн, амны хаалтаа зүүж, хүн хооронд 1,5-2 метрийн зай барин үйлчлүүлнэ хэмээсэн байна. Мөн түүнчлэн шаардлагагүй тохиолдолд журмаа мөрдөн, гэрээс гарахгүй байхыг хатуу анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ