Д.Трампын өмгөөлөгч коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-07 09:06:03

ВАШИНГТОН. /USA Today/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хувийн өмгөөлөгч Руди Жулианигаа “COVID-19”-өөр халдварласан гэдгийг мэдэгдлээ.


“Хурдан эдгээрэй, Руди. Бид үйл хэргээ үргэлжлүүлэх болно” гэж Ерөнхийлөгч “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


Д.Трампын сонгуулийн кампанит ажлын нэхэмжлэл гаргах үйл явцыг ахалж байгаа Р.Жулиани нь Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн дундаас халдвар авсан дараагийн хүн боллоо.


Д.Трамп болон түүний багийг аюулгүй байдлын удирдамжийг үл тоомсорлож байна хэмээн олон нийт шүүмжилж байгаа юм. Ерөнхийлөгчийн хувьд энэ оны 10 дугаар сард халдвар авсан билээ.


“Өдгөө 76 настай Р.Жулиани Вашингтон хотын Жоржтауны их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн” гэж “New York Times” сонин, “ABC News” суваг мэдээлсэн байна.


Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан тэрбээр өөрийн оношийн талаар олон нийтэд мэдээлээгүй байгаа боловч “Twitter” хаягтаа Ерөнхийлөгчийн мэдэгдлийг нийтэлж, хурдан эдгэхийг ерөөсөн хүмүүст талархал илэрхийлжээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 14.6 сая орчим хүн халдвар авч, 281234 хүн нас баржээ. Тус улс нь эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээр жагсаж байгаа юм. 

Холбоотой мэдээ