Сүхбаатар, Алтанбулаг сумаас бусад сум, тосгодын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-12-05 19:43:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн ээлжит мэдээлэлдээ “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд хатуу хөл хорионы буюу бүх нийтийн бэлэн байдлын дэглэм хэвээр мөрдөгдөж байна” гэдгийг онцлон хэллээ.

Учир нь улсын Онцгой комиссоос Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах хүртэлх хугацаа буюу 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хэвээр хориглосон байгаа. Харин бусад сумын зорчих хөдөлгөөнийг халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан нээх чиглэлийг аймгийн Онцгой комисст ирүүлсэн аж. Иймээс дээрх хоёр сумаас бусад 15 сум, 6 тосгоны зорчих хөдөлгөөн өнөөдрөөс Шадар сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу эхэлжээ. Аймгийн Онцгой комиссын зүгээс Улсын онцгой комисст асуудлаа ойлгуулсны дагуу Дархан-Уул аймагт суралцдаг 219 оюутнаа шинжилгээнд хамруулан татан авч, сум суманд нь гэрт нь хүргээд байна. 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн халдварын тохиолдол илэрсэн сумдаас бусад суманд хөл хорионд байгаа Дархан-Уул аймгийн иргэдийг мөн шинжилгээнд хамруулсны дагуу аймагт нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан байна. Тодруулбал, 12 дугаар сарын 4-нд Хүдэр, Ерөө сумаас 23 тээврийн хэрэгсэлтэй, 117 иргэнийг Дархан-Уул аймаг руу явуулжээ. Энэхүү ажил өнөөдөр ч үргэлжилж бусад суманд байгаа Дарханы харьяат иргэдийг шинжилгээнд хамруулсны дагуу шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн УОК-ын шийдвэрээр Мандал суманд хөл хорионы хязгаарлалтад байсан Улаанбаатар хотын харьяат 84 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, Мандал-Улаанбаатар чиглэлд цагдаагийн хамгаалалттайгаар явуулжээ. Түүнчлэн 12 дугаар сарын 2-4-нийг хүртэлх гурав хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн харьяат 797 иргэнээ татан авч, харьяа сум багийн хяналтад гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.

Эцэг эхийн хамт зорчих хөдөлгөөнд оролцож байгаа 12 хүртэлх насны хүүхэд вирусний шинжилгээ өгөх шаардлагагүй гэнэ. Харин эцэг эхийн зөвшөөрлийн үндсэн дээр насанд хүрсэн өөр хүн авч яваа бол шинжилгээнд заавал хамрагдсан байна гэж УОК-ын баталсан түр журамд өөрчлөлт орсныг аймгийн Онцгой комиссын дарга онцлон анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн тухайд Сүхбаатар суманд батлагдсан өнөөдрийн дөрвөн тохиолдол мөн л ойрын хавьтлууд байна. Тодруулбал 7-р багт хоёр, 5-р багт нэг, 3-р багт нэг тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ