ОХУ-д “COVID-19”-ийн 28 мянга гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-12-03 17:28:46

МОСКВА. /РИА Новости/. Өнгөрсөн хоногт ОХУ-ын 85 бүс нутагт коронавирусний халдварын 28145 шинэ тохиолдол илэрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.


Шуурхай штабаас мэдээлснээр, энэ нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Үүнээс өмнө таван өдөр дараалан энэ үзүүлэлт 27 мянгаас хэтрэхгүй байв. Өмнөх дээд үзүүлэлт /27 543/ 11 дүгээр сарын 27-нд бүртгэгджээ.   


Халдварын хамгийн олон буюу 7750 тохиолдолд Москва хотод илэрсэн бол Санкт-Петербургт 3692, Москва мужид 1193 хүн шинээр халдвар авчээ. Эдгээр бүс нутаг халдварын үзүүлэлтээр эхний гуравт орсон хэвээр байгаа юм. Халдварын хамгийн цөөн тохиолдлууд Еврейн өөртөө засах муж /31/, Чукоткийн өөртөө засах тойрог /7/ болон Ненецийн өөртөө засах тойрогт /1/ бүртгэгдсэн байна.


Шинээр халдвар авсан хүмүүсийн 21.3 хувьд нь шинж тэмдэг илрээгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 554 хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт 29502 өвчтөн эдгэрсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Цар тахал дэгдсэнээс хойш “COVID-19”-ийн халдварын нийт 2 375 546 тохиолдол бүртгэгдэж, 41 мянга гаруй хүн нас барсан бол 1.8 сая гаруй хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ