“Moderna”-гийн вакцин "COVID-19"-ийн халдвар хүндээр тусахаас хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-01 14:25:14

НЬЮ-ЙОРК. /Business Today/. Манай вакцин эмнэлзүйн гурав дахь шатны туршилтын дараа 94.1 хувийн үр дүн үзүүлсний зэрэгцээ коронавирусний халдвар хүндээр тусахаас 100 хувь хамгаалж байна гэж “Moderna” компани мэдэгджээ.


“Moderna”-гийн вакцины гурав дахь шатны туршилтад 30 мянган хүн оролцжээ. Судлаачид вакцины хоёр дахь тунг хийснээс хойш хоёр долоо хоногийн дараа оролцогчдын бие ямар хариу үйлдэл үзүүлж буйг судалжээ. Туршилтад оролцсон 196 хүн коронавирусээр халдварласан ба тэдний 185-д нь плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тарьж, 11-д нь вакцин хийжээ. Ингэхдээ судлаачид “COVID-19”-н халдвар хүндээр тусах тохиолдлуудыг тооцож үзсэн байна. Халдварт өвчин хүнд хэлбэрээр илэрсэн 30 хүн бүгд плацебо тариулжээ. Түүнчлэн плацебо хийлгэсэн нэг хүн халдварын улмаас нас барсан байна.

 

Эдгээр мэдээлэл дээр үндэслэн “Moderna” вакцинаа 94.1 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн үнэлснээс гадна коронавирусний халдварт өвчин хүнд хэлбэрээр тусахаас 100 хувь сэргийлж чадаж байна гэж үзжээ. Вакцины үр дүн нас хүйс, угсаа гарлаас үл хамааран ижил байсан аж. 

Холбоотой мэдээ