Ш.Оргил: Сүхбаатар суманд түргэвчилсэн оношилгооны явуулын баг ажиллаж байгаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-29 17:15:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээллийг хүргэлээ.

Өнөөдрийн Онцгой комиссын мэдээллээр аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 28-ны байдлаар нийт албан ёсны батлагдсан тохиолдол 7-гоор нэмэгдэж 174 болсныг УОК мэдээлсэн. Шинээр илэрсэн 7 тохиолдол бүгд Сүхбаатар сумаас гарсан бөгөөд мөн л өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа. Иймд иргэд та бүхэнд захиж хэлээд байгаа зүйл бол гэр гэртээ байж, өөр бусадтай ойрын зайнаас харьцаанд орохгүй байх юм. Иргэн бүр хөл хорионы дэглэмийг хатуу мөрдөж, халдвар илрээд байгаа гурван сумын иргэд сайн дураараа түргэвчилсэн шинжилгээндээ яаралтай хамрагдаж бидний ажилд туслах шаардлагатай байна.

Мандал, Алтанбулаг сумын иргэддээ энэ ташрамд баярлаж байгаагаа илэрхийлье. Учир нь та бүхэн Улс, аймаг, сумынхаа онцгой комиссын шийдвэрүүдийг сайн биелүүлж байгаа учир тохиолдлын тоог барьж чадаж байна. Сүхбаатар суманд түргэвчилсэн оношилгооны явуулын баг ажиллаж байгааг дахин дуулгая. Та бүхэн өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, мөн өмнө нь шинжилгээнд хамрагдаагүй иргэд 95-900-103, 95-916-103 тусгай дугаарт хандаарай. Сэлэнгэ аймагт зөвлөн тусалж байсан Зооноз өвчин судлалын үндэсний төвийн баг Архангай аймаг руу яаралтай явсан. Яагаад үүнийг онцолж байна гэхээр халдварын голомттой бүс нутгаас батлагдаагүй зам маршрутаар өөрөөр хэлбэл хулгайн замаар иргэд шилжилт хөдөлгөөн хийж байгаагийн тод жишээ боллоо. Иймээс манай сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүн орон нутагтаа хараа хяналтаа чангатгаж сум руугаа шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв ийм тохиолдол гаргасан иргэд байвал яаралтай хууль хяналтын байгууллагад шилжүүлж холбогдох арга хэмжээг авах ёстой. 

Холбоотой мэдээ