Халдварын голомтод халдваргүйжүүлэлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-29 16:24:22

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл суманд бүртгэгдсэн "Ковид-19" халдварын батлагдсан голомтод аймгийн ЗӨСТ-өөс халдваргүйжүүлэлтийг хийж байна. Энэ сарын 28-нд иргэн Б-ийн явсан зам маршрутын дагуу Батцэнгэл сумын төвд нийт 37 аж ахуйн нэгж байгууллагын 2853 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Харин өнөөдөр сумын төвөөс 38 км зайд байх иргэн Б-ийн гэрт нь болон гэрийн гаднах орчинд хүн явсан зам мөрөөр халдваргүйжүүлэлт хийнэ хэмээн аймгийн ЗӨСТ-өөс мэдээллээ.

Мөн тус суманд батлагдсан тохиолдлын 1-р хавьтлын 52, 2-р хавьтлын 102 тохиолдлыг тандалт судалгаагаар илрүүлээд байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байсан ЗӨСҮТ-ийн авто лабораторийн баг тус суманд очиж PCR шинжилгээг газар дээр нь хийх юм. Нийт хавьтлын 80 хувь Батцэнгэл суманд бүртгэгдсэн тул лабораторийн багийг тус суманд байрлуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.


Холбоотой мэдээ