Улаанбаатараас Өвөрхангай руу 4 мянган иргэн буцах хүсэлт гаргажээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-11-27 23:16:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс энэ сарын 27-ны орой хуралдаж цаг үетэй холбоотой хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ.

Төв суурин газрын айл өрхүүд өвлийн идшээ бэлтгэсэн талаар аймгийн Мал эмнэлгээс гаргасан тоон судалгаа, мэдээлэлд үндэслэж, өвлийн идшээ хяналтын постоор дамжуулан хүлээн авах хугацааг өнөөдрөөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цагаар тасалбар болгохоор тогтов.

Мөн отрын бүс нутагт өвөлжиж буй аймгийнхаа айл өрхүүдэд түлш, түлээ хүргэж өгөх ажлыг зохион байгуулах тухай ярилцаж, нарийн тооцоо судалгааг ойрын хугацаанд гаргаж өгөхийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад үүрэг болголоо.

Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг ирэх 12 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэнтэй холбоотой бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж ажиллахыг Зорчигч тээврийн үйлчилгээг түр зохион байгуулах Ажлын хэсэг болон мэргэжлийн ангиудад даалгаж, энэ талаарх нарийн зохион байгуулалтыг 11 дүгээр сарын 29-ний Онцгой комиссын хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо. Улаанбаатар хотоос Өвөрхангай руу 4000-аад хүн ирэхээр бүртгүүлсэн байна.

Холбоотой мэдээ