Дэлхийн сав баглаа боодлын холбооны гишүүн боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 18:35:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо Дэлхийн Сав баглаа боодлын холбооны гишүүн боллоо.


Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага (ДСБББ)-ын Удирдах Зөвлөлийн хуралдаан энэ сарын 25-нд цахимаар болсон. Холбооны гишүүн 53 орны төлөөлөгч оролцож, Монголын Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоог бүрэн саналын эрхтэй гишүүнээр элсүүлэхийг 97 хувийн саналаар дэмжив


Хуралдаанаар ДСБББ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, гишүүнээр элсүүлэх улс орнуудын асуудлыг хэлэлцлээ.  


Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага нь 1968 онд байгуулагдсан ашгийн бус, аль нэг улсын Засгийн газарт хамаардаггүй, үндэсний болон бүс нутгийн сав баглаа боодлын хүрээлэн, холбоод болон бусад хамааралтай корпораци, худалдааны холбоог нэгтгэсэн байгууллага юм.


НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага ЕХы санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд ДСБББ, Монголын Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын VI модуль сургалтыг  өнгөрсөн онд зохион байгуулсан.

Энэ үеэр Дэлхийн сав баглаа боодлын холбооны гишүүн болох асуудлыг ярилцсан нь ийнхүү биеллээ оллоо.

 

Холбоотой мэдээ