Сэлэнгэ мөрөнд хоёр иргэн автомашинтайгаа живж осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-11-26 14:24:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа живж амиа алдсан 2 хүний цогцсыг олсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тухайн 2 хүн нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь “Сэлэнгэ” амралтын газар барилгын засвар хийж байсан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 44 настай, эрэгтэй М, мөн 43 настай, эрэгтэй М нар байсныг тогтоож ослын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. 

Дээрх 2 хүн анх энэ оны 11 дүгээр сарын 10-ны 15.00 цагийн орчим "Сэлэнгэ" амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай хөдөлсөн байна. Гэвч түүнээс хойш сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг явуулжээ. Гэвч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг өчигдөр, 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин эхлүүлжээ. Тодруулбал, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Хялганат тосгоны төвөөс зүүн тийш 2 км-т, Сэлэнгэ голын бетонон гүүрийн ойролцоо, Сэлэнгэ мөрний усанд автомашинтайгаа живж осолдсоныг олжээ. 


Холбоотой мэдээ