Төмөр замын 15.9 мянган ажилтныг шинжилгээнд хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-26 14:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр замын хэмжээнд "COVID-19"-ийн шинжилгээ өгвөл зохих 15 мянга 956 хүнээс өчигдрийн байдлаар 15 мянга 859 хүн хамрагдаад байна. 

Хөдөө, орон нутагт ажиллаж буй болон эмчилгээ, урт хугацааны чөлөө, ээлжийн амралттай, хөл хоригдсон гэсэн бусад шалтгаантай 97 хүн хамрагдаагүй байна. Энэ талаар УБТЗ ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр төмөр замд ажиллаж буй ЗТХЯ-ны шуурхай бүлгийн хуралдаан дээр танилцууллаа.

Шуурхай бүлгээс өгсөн 83 үүрэг, даалгавраас 74 нь 100 хувийн биелэлттэй, 9 нь удаашралтай байна. Шуурхай бүлгийн ахлагч, ЗТХ-ийн сайд Л.Халтар хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:

  • Чойр, Айраг зангилаанд Мэргэжлийн хяналтын газартай зөвшилцөн хамгаалалт, хяналтыг эрчимжүүлж, энд үлдсэн 7 хүнийг шинжилгээнд яаралтай хамруулах,
  • Вагонд байрлаж байсан машинч нарыг зочид буудал руу шилжүүлэх. Үүнтэй холбогдуулан вагонуудаа татаж авч ариутган халдваргүйжүүлэх, 
  • вагонд ажиллаж байсан үйлчлэгч нарыг халдваргүйжүүлж, шинжилгээ авах ажлыг шийдвэрлэх,
  • Нийслэлийн Баянгол болон бусад дүүрэгт “Нэг өрхөөс нэг хүн”-ийг шинжилгээнд хамруулж буйтай холбогдуулан төмөр замын байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад энэ талаар чиглэл өгөн, судалгаа хийлгэж шинжилгээ өгүүлэхийг түргэвчлүүлэх,
  • Гадаа, хүйтэн нөхцөлд ажиллаж байгаа, сэлгээний бригад, ачаа бараа хүлээлцэгч нар, туслах жижүүр, холбооны ажилтнуудыг анхаарч, халуун цай чацаргана зэрэг дархлаа сайжруулах унд, бэлдмэлээр тодорхой цагт тогтмол үйлчлэх, 
  • Мөн тээшээр эрсдэлтэй бүсүүд рүү ачаа бараа тээвэрлэж байгаа ачаа хүргэгч нарыг онцгой анхаарч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр зааварчилгаа зөвлөгөө тогтмол өгч ажиллах, 
  • ОХУ-аас ирж байгаа улаан буудайн буулгалт дээр үүсэх хүндрэл бэрхшээлийг нарийн тооцож, ачаа хүлээн авагч нартай бэлтгэл ажлыг хангуулах,
  • Амгалангийн ДЦС-д нүүрс нөөцлөхөд анхаарч, уурхайнуудын удирдлагатай ярилцаж, нүүрсний ачилт буулгалтыг хурдан шуурхай зохицуулах,
  • Бичиг баримт, ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээний хариуг танилцуулах,
  • УБТЗ-ын удирдах газрын эмчийг ээлжээр ажиллуулж, эм тарианы сэлбэлт хийхэд Төмөр замын төв эмнэлэг онцгой анхаарах зэрэг үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ