Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона таалал төгсжээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-11-26 09:00:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн болон Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа бурхны оронд заларлаа. Аргентины Clarin сонины мэдээлснээр алдарт хөлбөмбөгчин зүрхний шигдээсээр нас барсан хэмээжээ.


Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Лионель Месси, Аргентины домог Диего Марадона ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэдээг цочирдон хүлээн авчээ. Хэдхэн хоногийн өмнө Марадонаг хагалгаанд ороход Месси хурдан эдгэхийг хүсэн ерөөж байсан юм байна.



Л.Месси: “Өнөөдөр бүх аргентинчууд, хөлбөмбөгийн хувьд маш харамсалтай өдөр байна. Диего биднийг орхилоо. Гэхдээ тэр яваагүй, яагаад гэвэл Марадона үүрд мөнх. Түүнтэй хамт байсан мөч бүрээ үүрд санаж явах болно. Диегогийн гэр бүл, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Амгалан нойрс доо” гэж бичжээ.


Диего Марадона энэ сарын 2-нд Ла-Плат хотын Ипенса эмнэлэгт хэвтсэн юм. Түүнд тархины цус хуралт гэсэн онош тавьж хагалгаа хийжээ. Тэрбээр 11 дүгээр сарын 12-нд эмнэлгээс гарч гэрийн асаргаанд байсан юм. Үхлийн шалтгаан нь түүний даралт унасны улмаас зүрхний шигдээс болсон гэж эмч нар хэлжээ.



Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарлав.


Диего Марадона 1960 оны 10 дугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотын ядуусын дүүрэгт Католик шашинтай айлд мэндэлсэн юм. Түүний хүүхэд нас туйлын тарчиг өнгөрсөн гэдэг. Диего Марадона найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлсэн бөгөөд 12 наснаасаа эхлэн мэргэжилтнүүдийн хараанд өртөх болж, бяцхан шидтэн гэгдэх болжээ. Тэрээр 16 нас хүрэхээсээ яг 10 хоногийн өмнө анхны мэргэжлийн тоглолтоо Аргентинос Жуниорс багийн өмсгөлтэй хийж байсан юм. Тэрээр Аргентины "Аргентинос Жуниорс", "Бока Хуниорс", "Ньюелл" клубын "Old Boys", Испанийн "Барселона", "Севилья", "Наполи" /Итали/ клубуудад тоглож байсан билээ.

Холбоотой мэдээ