Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд найман бүлэг 153 зорилт тусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай илтгэл хэлэлцлээ.
Үндсэн чиглэлийг
аймгийн ЗДТГ, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжлийн бодлого
төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал
“Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025
онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл
ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг үндэслэн
боловсруулсан аж.
Ховд аймгийг 2021-2025
онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Нэгдмэл
үнэт зүйлс, соёл, нийгмийн соён гэгээрэл”, “Хүний
хөгжил”, “Амьдралын
чанар ба дундаж давхарга”, “Эдийн засгийн тэргүүлэх чиглэл”, “Засаглал”, “Ногоон хөгжил ба баялаг ус”, “Амар тайван аюулгүй нийгэм, дархан хил”, “Хот, сумын хөгжил” гэсэн найман бүлэг 153 зорилтыг
тусгажээ.
Ийнхүү хүний хөгжилд түлхүү анхаарч “Стандарттай-Шинэ Ховдын төлөө” гэсэн бодлогыг үндсэн
чиглэлд тусгасан нь онцлог, давуу тал болж байгааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав онцоллоо.
Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС, “Ховд-Эко цемент”-ийн үйлдвэр, Үйлдвэр технологийн парк,
Агро парк зэрэг томоохон үйлдвэрийг
байгуулж ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг
бүрдүүлэхээр зорьж буй. Мөн Орон
сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт,
хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал гээд бүхий л салбарын
үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттай хийх аж.
Ховд аймгийг 2021-2025
онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй холбогдуулан танхим болон цахимаар оролцож буй
төлөөлөгчид сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.
Мөн аймаг, орон нутгийн
хөгжил, иргэдийн ажил, амьдралд чиглэсэн нэлээд чухал асуудлыг дэвшүүлэн үндсэн
чиглэлд тусгах санал гаргав.
Ингээд хоёрдугаар
хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ховд аймгийг 2021-2025
онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг баталлаа.