10 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг нэмж татан авлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-23 19:06:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт бүртгэдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаа. Иймээс Сэлэнгэ аймгийн 26 мянга, Алтанбулаг боомтын 5000 иргэнийг бүгдийг нь түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгахаар аймгийн Онцгой комисс ажиллаж байна.

Түүнчлэн Сүхбаатар сумын 5, 6, 7-р багт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах явуулын цэгүүдийг өнөөдөр ажиллууллаа.

Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүмүүсийг халдвар илэрснээс эхлэн тусгаарлан шинжилж байгаа нь халдварыг тархаахгүй барихад чухал ач холбогдлоо өгч байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт батлагдсан нийт 98 тохиолдол байгаа. Эдгээрийг тодруулбал, Алтанбулаг суманд хоёр, Мандал суманд гурав, Сүхбаатар суманд 93 байна.

11-р сарын 22-ны байдлаар түргэвчилсэн оношлуураар 21564 иргэнд, PCR шинжилгээг 644 хүнд хийгээд байна. Аймгийн хэмжээнд тусгаарлалтын 17 байранд 273 иргэн байгаа аж.

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил “Сүхбаатар сумын иргэн А шинж тэмдэггүй байх үедээ шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч тусгаарлагдсан. Түүний эерэг хариу гарснаас хойш дөрвөн хоногийн дараа гэр бүлийн хүний шинжилгээ мөн эерэг гарсан. Тиймээс иргэд шинжилгээг гэр бүлээрээ хийлгэх шаардлагатай байна. Бид Улаанбаатар хотоос 10 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг нэмж татан авч ирээд байна” гэв.

Мөн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 35 ортой коронавирусний эмчилгээний тасгийг ажиллуулах бэлтгэлийг хангасан байна. 

Холбоотой мэдээ