“Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжиг телевизээр үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-11-24 10:24:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Цахим ертөнцөд соёл түгээе” аянд УДЭТ-ын уран бүтээлчид нэгдлээ.

 

УДЭТ-ын уран бүтээлчдийн тоглосон Кен Людвигийн “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжгийг өнөөдөр 15:00 цагт UBS телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

 

Уг жүжгийн ерөнхий найруулагчаар УГЗ Н.Ганхуяг ажилласан бол гол дүр Леод  СТА Г.Амгаланбаатар, Жекд СТА С.Болд-Эрдэнэ, Одрид  СТА Д.Ганцэцэг нар тогложээ.

 

Монгол Улсад тус бүтээлийг анх 2008 онд УГЗ Н.Ганхуягийн найруулгаар 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тоглож байв.


Жүжгийн үйл явдал:

Америкийн Пеннсилвани муж улсын Йорк хотын баян авхай Флоренс Снайдер нас сүүдэр өндөр болж өв залгамжлагчдаа олохыг хүснэ. Олон жилийн өмнө ганц эгч нь өвөг дээдсийнхээ нутаг Англи орохоор хөлөг онгоцонд сууж далайн их манан дунд уусан одсоноос хойш төдөлгүй сураг ажиг тасарч, холбоо харилцаагүй болсон аж. Өтөл өндөр насанд гарсан Снайдер авхайтан төрсөн ганц эгчийнхээ хоёр охиныг олж өв хөрөнгө эзэмшүүлэхийг хүсэж сонинд зар нийтлүүлжээ. Тэр цагийн хэрмэл жүжигчид Лео, Жэк хоёр мэх зохиож Снайдер авхайн дүүгийн охидын дүрээр очно.

Авьяаслаг, ухаалаг хоёр залуу аж амьдралаа олж хүн шиг амьдрах, эдлэн газартай, орох орон, оочих аягатай болохыг хүснэ. Гэхдээ тэд яадгаа алдсан, ичих эрээлэхээ умартсан луйварчид бас биш. Жүжгийн бас нэгэн эсрэг дүр бол Йорк хотын ламтан Дункан хэмээх буянтны дүртэй, шуналтай, харамч, бас их санаатай илүү хүсэлтэй нэгэн байдаг. Буянтын дүртэй нүглийн сэтгэлтэн бас нэгэн хүн бол тэр хотын эмч байдаг. Снайдер ахайтны үеэл охин Мэг хэмээх ухаалаг, үзэсгэлэнт бүсгүй, эрдэм ном сурахын тулд коллежид орж суралцах чин эрмэлзэлтэй, сайхан сэтгэлт Одри бүсгүй болон бас бус хүмүүс аж төрдөг. Тэд энэ хотын ирээдүйн сайн сайхны бэлгэдэл болдог. Уг жүжгийн үйл явдал нь өнгөрсөн зууны дунд үеийн үйл явдал боловч Н.Гоголийн Байцаагч түшмэл жүжгийн үеийн Орос орон, өнөөдрийн Монголын аж байдал, амьдрал ахуй, сэтгэлгээ мэт бүтээгджээ.

 

Холбоотой мэдээ