Оксфордын их сургуулийн вакцин 70 хувийн үр дүн үзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-11-23 16:04:10

ЛОНДОН. /BBC/. Оксфордын их сургууль, "AstraZeneca" компанийн гарган авсан коронавирусний вакцин нь хүмүүст халдварын шинж тэмдэг илрэхээс 70 хувь хамгаалдаг болохыг өргөн хүрээг хамарсан туршилтын дүн харууллаа.


Pfizer”, Moderna” компанийн вакцинууд 95 хувийн үр дүн үзүүлсэнтэй харьцуулахад энэ нь сул үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Оксфордын вакцин нь нөгөө хоёроосоо хямд үнэтэйгээс гадна хадгалах, дэлхийн өнцөг булан бүрт хүргэхэд хялбар ажээ.


Иймээс холбогдох байгууллагын зөвшөөрлийг авсан тохиолдолд цар тахлыг зогсооход голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй хэвээр байна. Мөн өөр мэдээллээс үзэхэд, тунг тааруулснаар вакцины үр дүнг 90 хүртэлх хувьд хүргэх боломжтой гэнэ.


Оксфордын их сургуулийн судлаачид ихэвчлэн 10 жилийн турш үргэлжилдэг вакцин гарган авах үйл явцыг 10 орчим сарын хугацаанд гүйцэтгэсэн юм.


“Шинэ коронавирусний халдвараас үүдэлтэй хүнд нөхцөл байдлыг дуусгавар болгох вакциныг ашиглахад бид дахин нэг алхмаар ойртож байна” гэж профессор Сара Гилберт мэдэгджээ.


Их Британийн Засгийн газар Оксфордын вакцинаас 100 сая тунг урьдчилан захиалаад байгаа бөгөөд түүгээр 50 сая хүнийг дархлаажуулах боломжтой ажээ. 


Туршилтын тухайд

Энэхүү вакцины туршилтад 20 мянга гаруй хүнийг сайн дураар хамруулсны тэн хагас нь Их Британид, үлдсэн нь Бразилд оролцжээ.


Туршилтын дүнгээс үзэхэд, хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсээс 30 хүнд халдвар илэрч, идэвхгүй нэгдэл тариулсан хүмүүсийн дунд халдварын 101 тохиолдол бүртгэгдсэн байна.


Судлаачдын мэдээлснээр, вакцин 70 хувийн үр дүн үзүүлсэн ажээ.


Мөн сайн дурынханд хоёр “өндөр” тун вакцин хийхэд 62 хувийн үр дүн үзүүлсэн бол өндөр тунгийн дараа “бага” тунтай вакциныг тарихад 90 хувийн үр дүн үзүүлжээ. Яагаад ийнхүү ялгаатай байгаа нь одоогоор тодорхойгүй байна.


“Бид эдгээр үр дүнд маш сэтгэл хангалуун байгаа” гэж профессор Эндрю Поллард “BBC” сувагт мэдээлжээ. Мөн 90 хувийн үр дүн “сонирхол татаж байгаа” бөгөөд “бид илүү их тунг түгээх хэрэгтэй болж байна” гэж тэрбээр мэдээлжээ. 

Холбоотой мэдээ