Д.Трампын холбоотон ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг түүнд уриалжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-11-23 09:48:21

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотнуудын нэг болох Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхийг түүнд уриалжээ.


Д.Трамп сонгууль будлиантай болсон талаар батлагдаагүй мэдэгдлийг хийж, ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм. Бүгд найрамдах намын олон гишүүн түүнийг дэмжиж байгаа боловч цөөн хүн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд ийм хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэх болжээ.


Өнгөрсөн бямба гарагт Пенсильвани муж улсын шүүх шуудангаар өгсөн олон сая саналын хуудсыг хүчингүй болгохыг хүссэн Д.Трампын кампанит ажлын багын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Ингэснээр тус муж улсад 80 мянга гаруй саналаар илүүрхсэн Жо Байдены ялалтыг улам баталгаажуулсан байна.


АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Ж.Байденыг сонгогчдын коллегийн 306 гишүүний саналаар 232 санал аваад буй Д.Трампыг ялна хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд аливаа нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах шаардлагатай билээ. 

Холбоотой мэдээ