Тохиолдлын голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай багийн бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-11-21 11:57:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга “Шуурхай хариу арга хэмжээ авах тухай” захирамж гаргаж, шуурхай штаб, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд холбогдох үүрэг өгч, иргэдэд халдвараас сэргийлэх дэглэмийг чанд мөрдөхийг уриаллаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд “Ковид-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдтэй хамтран тодорхой арга хэмжээ зохион байгуулан удирдлагаар хангаж ажиллахыг Шуурхай штабт үүрэг болгов.

Тохиолдлын голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай хариу арга хэмжээний багийн бэлэн байдлыг хангах, нутаг дэвсгэрийн хэмжээнд ажиллах хүч, хэрэгсэл, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, бусад шаардлагатай нөөцийн судалгааг гаргах, тодотгох, болзошгүй эрсдэлийн үед хорио цээр тогтоох, хүнс, худалдаа түгээх ажлыг зохион байгуулах, нийлүүлэлтийн зохиомол хомстол, үнийн хэт хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хомстол үүссэн тохиодолд нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахууны бодит нөөцөд тулгуурлан шаардлагатай нөхцөл үүссэн тохиолдолд нэг хүнд худалдах тоо хэмжээний хязгаарлалт хийх үүргийг Шуурхай штабт өгчээ.

            Мөн эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, нөөцийг тодотгох, шаардлагатай арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай бодисын нөөц бүрдүүлэх, худалдаа үйлчилгээ, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Холбоотой мэдээ