ШХАБ-20: Монгол Улс идэвхтэй ажиглагч хэвээрээ

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-11-19 19:41:08

Энэ сарын 10-ны өдөр цахим хэлбэрээр явагдсан Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ оролцогч орнуудын төрийн тэргүүн нарын 20 дахь удаагийн өргөтгөсөн хурлын үеэр “цар тахлаас үүдэн бий болсон эдийн засгийн шинэ нөхцөл байдалд оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг эрж хайх” тухай асуудлыг голлон хэлэлцлээ. Дэлхийн II дайнаас хойш тохиож байгаагүй эдийн засгийн гүнзгий хямралын эсрэг ШХАБ-ын хүрээнд авах арга хэмжээг хамтран боловсруулах нь тус байгууллагын хувьд нэн чухал зорилт болжээ


Шинээр үүссэн нөхцөл байдал нь ШХАБ-ын хүрээн дэх худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөллөө. Ганцхан жишээ дурдахад, ОХУ ба ШХАБ-ын бусад гишүүн орнуудын хооронд хийж буй худалдааны эргэлт 2020 оны эхний 8 сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 хувиар буурсан байна. Түүнчлэн ШХАБ-ын бусад орнуудын хоорондын худалдааны эргэлт хумигджээ. Ийм учраас хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх нь цахим саммитын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд чухал байр эзэллээ.


Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг 2021-2025 онд хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө болон бусад баримт бичгийг баталсан нь тус байгууллага бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшихөд түлхэц болно гэж үзэж байгаагаа цахим саммитад оролцож үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийллээ.

 

ШХАБ-ын төлөвшилтийг Монгол Улс анхааралтай ажиглана

 

Монгол Улсын хувьд, ШХАБ бол тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 оноос эхлэн тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцож байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд манай улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд тогтмол оролцсоор ирсэн юм. 

 

Үүний зэрэгцээ ШХАБ дахь Монголын оролцоо, гишүүнчлэлийн тухай асуудал нь улстөрчид, дипломатчид, эрдэмтэн судлаачдын дунд маргаан мэтгэлцээний сэдэв болсоор байв. Тодруулбал, одоогийн ажиглагчийн статус бидэнд хангалттай, жинхэнэ гишүүнээр элсэх тулгамдсан шаардлага байхгүй, идэвхтэй ажиглагч гишүүн байх нь зүйтэй гэж нэг хэсэг нь үзэж байгааг бид мэднэ. 

 

Харин нөгөө хэсэг нь “ШХАБ-д элссэнээр нийгэм, эдийн засгийн хөгжлөө урагшлуулах олон боломж нээгдэнэ. Манайхыг тойроод байгаа Эдийн засгийн коридоруудыг нутгаараа дайруулах боломж гарч ирнэ. Монголчууд бид ШХАБ-ыг хий хоосон хардаад, бүс нутгийн механизмаас өөрийгөө тусгаарлаад байна. Бид ажиглагчийнхаа статусыг ахиулж, жинхэнэ гишүүнээр элсэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа билээ. 

 

Үүний зэрэгцээ “эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн мэргэн үгийг санаж, гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэхийн өмнө сайтар судалгаа хийж, ард иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй” гэх дундыг барьсан байр суурьтай гуравдахь хэсэг хүмүүс ч бий.  

 

ШХАБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад оролцож үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнчлэлийн асуудлаарх энэ бүх эргэлзээ тээнэгэлзээг нэг мөр тайлж өглөө. Тэрбээр онцлон тэмдэглэхдээ “Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна” гэв. Ингэснээр гишүүнчлэлтэй холбоотой манай улсын байр суурь тов тодорхой боллоо.

 Үүнтэй холбогдуулан хэлэхэд, өнгөрсөн оны 6 дугаар сард баталсан Бишкекийн тунхаглалд ажиглагч орнуудыг эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарын практик үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах нь зүйтэй гэдгийг дурдсанаас гадна Ажиглагч улсууд, яриа хэлэлцээний түнш орнууд ба ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх Замын зургийг баталсан нь Монгол Улсын хувьд ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээж байна.

 

Энэ тухайд төрийн тэргүүн хэлэхдээ “Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөрш болох ОХУ, БНХАУ-тай байгалийн хийн хоолой, төмөр зам, авто тээвэр зэрэг тодорхой практик асуудлаар ахиц, дэвшил гаргахад онцгой анхаарч байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ялангуяа Монголын нутгаар дайруулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөлд тодорхой ахиц гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга  илэрхийлээд хөрш гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах нь Зүүн Ази ба Төв Азийн зах зээлийг холбож, ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэдгийг дурдсан юм. 

 

Дээд хэмжээний цахим уулзалт дууссаны дараа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Норовтой уулзах үеэрээ Замын зураглалыг ашиглан ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замуудыг хэлэлцлээ. Ташрамд дурдахад, 2007 онд Монголын тал ажиглагч орнуудын дотроос хамгийн түрүүнд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг улс орондоо урьж айлчлуулж байжээ.

 

Цахим саммитын төгсгөлд, ирэх онд байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тэмдэглэх ШХАБ-ыг даргалах эрхийг Бүгд Найрамдах Тажикистан Улс ОХУ-аас хүлээн авлаа.  

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: president.mn

Холбоотой мэдээ