Эрүүл, аюулгүй ариун цэврийн байгууламжтай байхыг уриалж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-11-19 13:07:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 00-ын өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн Ариун цэврийн байгууллагаас ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй байдал, үүнээс үүдсэн эрүүл мэнд, байгаль орчны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ өдрийн арга хэмжээг санаачлан 2001 оноос тэмдэглэж эхэлжээ. Улмаар 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 11 дүгээр сарын 19-нийг Дэлхийн 00-ын өдөр болгон зарласан юм. 


НҮБ-ын Ус, ариун цэврийн байгууламж хариуцсан Усны агентлагаас энэхүү өдрийг зохион байгуулж, энэ жил “Эрүүл, аюулгүй ариун цэврийн байгууламж ба уур амьсгалын өөрчлөлт” уриан дор тэмдэглэж байна.

Шаардлага хангасан ариун цэврийн байгууламж нь бохир ус татан зайлуулах системд холбогдсон байх ёстой бөгөөд энэхүү систем бидний амьдарч буй орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй ажиллах шаардлагатай байдаг.

НҮБ-ын тайлан мэдээгээр, өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь буюу 4.2 тэрбум хүн эрүүл, аюулгүй буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаж чадаагүй байна. Мөн "COVID-19"-ийн цар тахлын энэ хүнд нөхцөлд дэлхийн даяар дунд сургуулийн 5 тутмын 2 нь наад захын энгийн гар угаах байгууламжаар дутагдаж байна. 

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн үер ус, ган гачиг, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэх зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд бохир ус татан зайлуулах системийг, тэр дундаа ариун цэврийн байгууламж, дамжуулах шугамууд, цэвэрлэх байгууламжид эвдрэл гэмтэл учруулж, орчныг бохирдуулж, олон нийтийн эрүүл мэндэд аюул учруулж байна. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй байгалийн эдгээр үзэгдэл, нөлөөллийг хязгаарлаж, зогсоох боломжгүй, цаашид илүү хатуу ширүүн, илүү олон давтамжтай болно гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тиймээс ариун цэврийн байгууламж, бохир татан зайлуулах, цэвэрлэх системээ уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоход анхаарах шаардлагатай дэлхий нийтээрээ тулгарч байна.


Бүх нийтийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах, "COVID-19", холер, гэдэсний хижиг зэрэг үхлийн аюулт халдварт өвчний тархалтыг зогсоохын тулд хүн бүр цэвэр усаар, мөн гар угаах, угаалга, цэвэрлэгээ хийх, бохир татан зайлуулах найдвартай ариун цэврийн байгууламжаар хангагдах ёстой.

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай усан хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой аж.

Найдвартай ариун цэврийн байгууламж нь хүний ялгадас, ахуйн хэрэглээний гарч буй хаягдал усыг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байдлаар татан авч, бохирын шугамд нийлүүлэх 00-ын байгууламжаас эхлэх бөгөөд дараагийн шатанд эвдрэл гэмтэл, доголдолгүй шугам хоолойгоор дамжиж ирсэн хаягдал усыг цэвэрлэх байгууламжид тодорхой стандартад хүртэл цэвэрлээд байгальд гадаргын усны тэжээмж болгон нийлүүлдэг байх учиртай.


Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой. 


Түүнээс гадна аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцүүлж цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах нь цэвэр усаа хэмнэх боломжийг олгохын дээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой. Зарим улс оронд хаягдал усаа дахин боловсруулж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг усны болон бордоо, тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангаж байна.   


НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагаас гаргасан тоо баримтыг дурдвал:

  • Дэлхийн хүн амын 40 хувь буюу 3 тэрбум гаруй хүн гэртээ наад захын гар угаах байгууламж, саван, ариун цэвэр сахих усгүй амьдарч байна.
  • Дэлхий даяар жилд 5-аас доош насны ойролцоогоор 297 мянган хүүхэд (өдөр бүр 800 хүүхэд) ариун цэвэр сахих боломжгүй, ариун цэврийн байгууламж хангалтгүй, байхгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангагдаагүйн улмаас суулгалт өвчнөөр нас барж байна. 
  • Дэлхий даяар ахуйн хэрэглээ болон үйлдвэр аж ахуйн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал бохир усны 80 хувь нь ямар нэг байдлаар цэвэрлэгдэхгүй, эсхүл эргэн ашиглагдахгүй экосистемд хаягдаж байна. 
  • Эрүүл ахуй, ариун цэврийг сахиулахад анхаарах нь олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн үр дүнтэй, зардал хэмнэх арга хэмжээ юм.
  • Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой. 

2050 он гэхэд дэлхийн даяар 5.7 тэрбум хүртэлх хүн ам жилд наад зах нь нэг сарын хугацаагаар усны хомсдолд орох нөхцөлтэй тулгарна. Энэ нь усны төлөөх урьдчилан таамаглаагүй өрсөлдөөнийг бий болгоно. 

2050 он гэхэд үерийн гамшигт нэрвэгдэх эрсдэлтэй хүмүүсийн тоо өнөөдрийн түвшин (2 тэрбум) өсөж, 1.6 тэрбумд хүрнэ гэж Монголын Мянганы сорилын сангийн мэдээнд дурджээ. 



Холбоотой мэдээ