Их Британи цэргийн төсвөө их хэмжээгээр нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-19 10:10:19

ЛОНДОН. /BBC/. Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдэж байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийнэ гэдгээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон удахгүй мэдэгдэнэ. Их Британийн Батлан хамгаалах яам жил бүр олгогддог цэргийн төсөв дээр нэмж 4 тэрбум фунт стерлингийг авах аж.


Нэмэлтээр олгох санхүүжилтийг кибер аюулгүй байдал, сансрыг эзэмших, хиймэл оюун ухааны агентлаг байгуулах төслүүдийг хөгжүүлэхэд зарцуулах юм байна. Эдгээр төслийн хүрээнд нийт 40 мянга орчим ажлын байр бий болно гэж Б.Жонсон үзэж байна. Түүнчлэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх нь Их Британийг олон улсад нөлөөгөө бэхжүүлэхэд нь тус болно гэж тэрбээр үзэж байгаа аж. 


Одоогоор Их Британийн батлан хамгаалахын төсөв 40 тэрбум орчим фунт стерлингт хүрдэг бол дөрвөн жилийн хугацаанд нийт 16.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийснээр төсвийг 10 хувиар нэмэгдүүлж байгаа юм. 


Энэ бол бидний боломж

Батлан хамгаалах нь эн тэргүүнд тавигдах чухал салбар учир цар тахал дэгдэж буй энэ үед цэргийн төсвийг нэмэгдүүлэх тухайгаа зарлана хэмээн Б.Жонсон лхагва гарагийн орой мэдэгджээ.


“Олон улсын байдал илүү аюултай болж, улс хоорондын өрсөлдөөн хүйтэн дайн дууссаны дараах үеэс илүү ширүүн болж байна. Их Британи түүхээ хүндэлж, холбоотнуудтайгаа хамт байх ёстой. Ингэхийн тулд батлан хамгаалахын чадавхийг цогцоор нь сайжруулах шаардлагатай. Энэ нь бидний ухралтын үед цэг тавьж, зэвсэгт хүчнээ өөрчлөн сайжруулж, улс орноо нэгтгэн хөгжүүлж, шинэ технологийн салбарт анхдагч нь болж, ард иргэд, амьдралын хэв маяг хадгалан хамгаалан авч үлдэх боломж юм” гэж тэрбээр мөн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ