“Pfizer”-ийн вакцин ахмад настнуудад 94 хувийн үр дүн үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-11-19 09:47:38

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн гарган авсан коронавирусний вакцин 65-аас дээш насны хүмүүсийг халдвар авахаас 94 хувиар хамгаалж байгааг тогтоожээ.


Гуравдугаар үе шатны туршилт нь үргэлжилж байгаа уг вакцины талаарх нэмэлт мэдээлэлд дурдсанаар, вакцин бүх насныханд ижил өндөр үр дүн үзүүлж байгаа ажээ. Мөн “Pfizer”, “BioNTech” компани вакцинаа яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын эрх баригчдад гаргана гэдгээ мэдэгдсэн байна.


Уг вакцины туршилтад дэлхий даяар 41 мянган хүн оролцсон бөгөөд тэдний тэн хагаст вакцин, үлдсэн хагаст плацебо буюу идэвхгүй нэгдэл тарьжээ. Өнгөрсөн долоо хоногт “Pfizer”, “BioNTech” вакцин нь “COVID-19”-ийн эсрэг 90 хувийн үр дүн үзүүлснийг мэдээлээд, аюулгүй байдлын асуудал үүсээгүйг тэмдэглэжээ.


Түүнээс хойш АНУ-ын “Moderna” компани өөрсдийн гарган авсан вакцинаа 95 орчим хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээлсэн нь ОХУ-д хөгжүүлсэн “Sputnik” вакциныхтай төстэй үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ