Булган аймагт вирусний сэжигтэй тохиолдолтой хавьтал үүссэн эрсдэл бүртгэгдээгүй

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-11-18 10:42:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдолтой ойр болон дам хавьталтай эрсдэл үүссэн нөхцөл бүртгэгдээгүй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяагаас тодруулахад:

- Манай аймгийн хувьд “Ковид-19” халдварын ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас ирсэн иргэдийн мэдээллийг эрүүл мэндийн албаны 70343228 дугаараар, нарийн асуумж судалгааг ард иргэдээсээ авч ажиллаж байна. Нэн ялангуяа халдварын сэжигтэй тохиолдол гарсан газраас ирсэн иргэд мэдээллээ шуурхай өгч байх хэрэгтэй. Тандалтын мэдээллийн сан үүсч байгаа учир үнэн зөв мэдээлэл нэн чухал байдаг. ЭМЯ-наас өгсөн заавар журмын дагуу эрүүл мэндийн газар тандалт судалгаа хийж байна. Бидний хувьд урьдчилан сэргийлэх чиглэлээр 25 иргэнд шинжилгээ хийсэн. Эрүүл мэндийн яамнаас нийлүүлсэн антиген буюу эсрэг биетийг илрүүлэх урьдчилан сэргийлэх шинжилгээ байгаа. Энэ маань сүүлийн үеийн технологи учир оношилгооны хувьд найдвартай. “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдолтой ямар нэгэн байдлаар хавтал үүссэн, эрсдэлтэй гэсэн байдал бүртгэгдээгүй байгаа гэв.

Холбоотой мэдээ