Англи хэл эзэмшсэн байдлаар Монгол Улс 78 дугаарт оржээ

Дэлхийд | Боловсрол
Jargal.d@montsame.mn
2020-11-17 17:28:02

ЦЮРИХ. /TASS/. Швейцарт төвтэй англи хэл судлалын “EF Education First” олон улсын боловсролын төв улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшнийг тогтоодог дэлхийн томоохон жагсаалт болох жил тутмын EF English Proficiency Index (EPI) индексээ танилцуулжээ.


Уг индекст дэлхийн болон бүс нутгийн англи хэл судлалын чиг хандлагыг тодорхойлж, улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшин болон эдийн засгийн өрсөлдөх чадвар хоорондын харилцан уялдаа холбоонд дүн шинжилгээ хийдэг байна. Энэ жилийн жагсаалтыг гаргахдаа англи хэл төрөлх хэл нь биш болох 100 улс орон, бүс нутгийн 2.2 сая хүний дунд явуулсан судалгаанд үндэслэжээ. Жагсаалтын эхний тавд Нидерланд, Дани, Финланд, Швед болон Норвеги улс орсон байна.


Англи хэл эзэмшсэн түвшнээр Монгол Улс 446 оноо авч, 100 орноос 78 дугаарт орсон байна. Энэ нь доогуур үзүүлэлт бөгөөд жагсаалтад багтсан Азийн 24 орноос 16 дугаарт орох үзүүлэлт аж. ОХУ-ын хувьд энэ жилийн жагсаалтад 512 оноотойгоор Куба улсын хамт 41 дүгээрт бичигдсэн байна. Харин Хятад улс 520 оноо авч, жагсаалтын 38 дугаарт оржээ.


Европт англи хэлний мэдлэгийн түвшин тогтмол өндөр хэвээр байна. Европын 33 орноос 27 нь өнгөрсөн жилийнхээс байр сууриа ахиулжээ. Түүнчлэн БНХАУ хэлний мэдлэгийн түвшнээ ахиулсан бол Энэтхэг улс эсрэгээрээ дундаж түвшнээс доод түвшинд шилжсэн байна.


"Дэлхий даяар 26-30 насныхны дунд англи хэлний мэдлэг хамгийн өндөр байна. Харин 40-өөс дээш насныхан 18-20 насныхныг бодвол илүү их мэдлэгтэй байна" гэж EF-ийн судлаачид тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ