Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-17 13:29:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны сүүлийн дөрвөн жилийн гэрээний биелэлтийг талууд дүгнэх гэж байна. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлуудын талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын жишиг үйлдвэрийн хувьд Эрдэнэт хотын хөгжил дэвшилтэй уялдаа холбоотой шийдвэр гарган, хэрэгжүүлж байна. Хоёр тал хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүр хийх ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Бидний хамтын ажиллагааны төлөвлөгөө тогтмол 95-аас дээш хувийн биелэлттэй байгаа. Жил бүрийн ажлын төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгадаг. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар бид хотдоо “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бусад цаг үеийн болоод онцгой нөхцөл байдал үүссэн үед ч аймаг, Эрдэнэт үйлдвэртэй нягт хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжилд том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг босгож байна. Тухайлбал, орон сууцны хорооллууд, олон жил саатаж буй 1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдэж, үргэлжлүүлэхээр боллоо. Энэ бүгдээс харахад, бидний хамтын ажиллагаа бэхжиж, сайн үр дүн гарч байна гэдгийг хэлье. Өмнө нь талууд хамтран ажиллах хэлэлцээр хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд албан ёсны гэрээ байгуулан, түүнийхээ дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Удахгүй хоёр талын хамтын ажиллагааны гэрээ дүгнэх ажлын хэсгийнхэн 4 жилийн гэрээний биелэлтийг дүгнэнэ. Үүний дараа бид ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөнө. Бид, Эрдэнэт үйлдвэрээ түшиглэн агаарын бохирдол утааны асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж байна. Ингэснээр хотын иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэдэгт санал нэгдсэн байгаа. Түүнчлэн Орхон аймгийн 100 гаруй мянган иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой асуудлуудад томоохон дорвитой шийдвэрийг хамтран гаргаж, гэрээний нийт төсөвт өртгийн 60-70 хувийг үүнд зарцуулах байдлаар ажиллана” хэмээн онцоллоо гэж тус үйлдвэрийн ХМОНХ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ