Н.Нарантуяа: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ихэсч байгааг иргэдийн эрхзүйн боловсрол сайжирсан гэж үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-16 16:16:37

Төв /МОНЦАМЭ/. 2020 он гарсаар Төв аймаг дахь Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өссөн үзүүлэлтэй байгаа юм. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нарантуяатай ярилцлаа.


-Төв аймгийн хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар  гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил хэр байна вэ?

-2020 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өссөн. Тодруулбал энэ оны 10 дугаар сарын байдлаар 354 дуудлага мэдээлэл хүлээн авч хохирогч нэг бүрт Аюулын зэргийн үнэлгээ хийж, 46 дуудлага мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь өмнөх оны мөн үеэс 64,2 хувиар өссөн. Зөрчлийн тухай хуулиар 271 иргэнийг шүүгчийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаатай баривчилсан нь өмнөх оноос 1 нэгжээр буурсан, 18 иргэнд 2,370,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж 119 мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байсан тул татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Торгуулийн арга хэмжээ авч байгаа үндэслэл нь өвчний учир, зургаа хүртэлх насны хүүхэдтэй болон өрх толгойлсон гэсэн үндэслэлээр торгож шийдвэрлэсэн байна. Харин бүртгэгдсэн гэмт хэргийн  91,6  хувийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 1 эрүүгийн хэргийг нэгтгэж, 2 эрүүгийн хэрэг ажиллагаанд шалгагдаж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа болон энэ төрлийн дуудлага мэдээлэл ихэсч байгааг та яаж харж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нуугдмал байдлаар үйлдэгддэг бөгөөд хаалганы цаана болдог. Нуугдмал энэ гэмт хэргийг хуулийн байгууллага илрүүлдэг болсон учраас гэмт хэрэг өссөн мэт харагдаж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн талаар ирж байгаа нийт дуудлага, мэдээллийг хөрш айлаас, хөндлөнгийн иргэнээс ирүүлж байна. Тухайлбал энэ оны 10 дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ихэссэн нь иргэдийн хууль эрхзүйн мэдлэг сайжирсан гэж үзэж байгаа. Түүнчлэн дуудлага мэдээлэл нэмэгдсэн нь нөгөө талаар гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байгаа  гэсэн үг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өсөж буурах нь иргэн миний зүгээс харахад чухал биш .Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг илэрч хэн нэгний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь чухал гэж үздэг.

-Нийт дуудлагын зонхилох хувийг ямар дуудлага эзэлж байна вэ?

- Архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүчин зүйл болоод байна. Тодруулж хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн ихэнх нь архидан согтуурсан үедээ эсвэл эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Гэр бүлийн хүмүүс хоорондоо маргах, зөрчилдөх нэг нэгнийхээ амар тайван байдлыг алдагдуулах зэргээр олон төрөл бий. Үүнээс сүүлийн үед ирж байгаа дуудлага мэдээллийн 60 орчим хувь нь хүсэл зоригийнх эсрэг дуудлага эзэлж байна. Хүсэл зоригийнх нь эсрэг гэдэг нь ямар нэгэн зүйлийг хүчээр үйлдэл хийлгэхээр албадах эсвэл мөрдөн мөшгөх, заналхийлсэн, бусадтай харьцахыг нь хязгаарласан, гутаан доромжилсон үйлдлүүд ордог.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг насны ангиллаар дурдвал?

-Энэ он гарсаар Төв аймгийн Цагдаагийн газарт гэр бүл хүчирхийллийн хэргээр 271 иргэн зөрчлийн тухай хуулиар 7-30 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн. Эдгээр хүмүүсийн 70 хувь нь 25-35 насных, 20 хувь 45-55 хүртэлх, 10 хувийг нь 55 дээш насныхан эзэлж байна. Харин 18-25 хүртэлх насны залуучууд гэр бүлийн хүчирхийлэл болон зөрчлийн тухай хуулиар баривчлагдаж байгаа нь маш бага байгаа.

-Хуулийн дагуу хариуцлага хүлээж тодорхой хугацаанд саатуулагдаад гарч ирсэн иргэд дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох байдал хэр буурсан бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй байх талаас нь саатуулагдах хугацаанд 
тухайн хүнд сэтгэлзүйн буюу зан үйлийн сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг. Тэдгээр иргэдэд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн зүйл заалт болон хэргээ дахин давтсанаар гарах хор уршиг, хуулийн хариуцлагыг хэлж ойлгуулснаар тухайн этгээд дахин хүчирхийлэл үйлдэх нь буурдаг. Хүчирхийлэгчийг тодорхой хугацаанд ажиглалтдаа авч, холбоотой ажилладаг. Энэ он гарсаар 271 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсанаас давтан зөрчил үйлдсэн 14 иргэн байгаа бол 2 ба түүнээс дээш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 2 иргэнд эрүүгийн хариуцлага татаж хуулийн дагуу шалгаж байна.

- Төв аймаг дахь Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

- Төв аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтарч "Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа" сарын аяныг 11 дүгээр сарын 5-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд 27 сумын хэмжээнд байгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нарын судалгааг шинэчлэн гаргах, судалгаа хяналтын санд баяжилт хийх, хамтарсан багуудын ажилд хяналт шалгалт, үнэлгээ хийх, иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор гарын авлагуудыг айл өрх болон иргэдэд тараасан. Аяны хамтарсан багууд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болон үйлдэж болзошгүй айл өрхүүдээр орж нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, алба хаагч нарт хууль, эрх зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна. Мөн Цагдаагийн байгууллага Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

-Энгийн хэдий ч бие биенээ тэвчээртэй сонсдог, асуудлыг маргаанаар бус ухаанаар шийддэг байдал залуу гэр бүлд дутагдаад байгаа нь ажиглагддаг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Эцэг эх нь ямар мэргэжилтэй, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, ямар найз нөхөдтэй байх нь хүүхдэд чухал биш байдаг, хүүхдэд юу хамгийн чухал байдаг вэ гэхээр эцэг, эхтэйгээ элэг бүтэн байх нь л хамгийн чухал. Эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд хоорондоо зүй бус үгээр хэрэлдэж муудалцах нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд тусдаг гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд эвтэй байж, аливаа асуудлыг хамтран ярилцаж шийдвэрлэж, нэг нэгнээ хүндэлж, ойлгож сонсдог, хүүхэдтэй ярилцдаг байх нь хамгийн чухал гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ