Германчуудын дийлэнх нь АНУ-ын сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-11-13 10:11:57

БЕРЛИН. /DW/. Германчуудын дийлэнх нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялалт байгуулсанд сэтгэл хангалуун байгааг нэгэн судалгааны дүн харуулжээ. Мөн олон иргэн Герман-АНУ-ын харилцаа Ж.Байдены засаг захиргааны удирдлага дор сайжирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Германы “ARD” телевизийн явуулсан судалгааны дүнгээс үзэхэд, Германы 10 иргэн тутмын ес орчим нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Байден одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг ялсанд сэтгэл хангалуун байгаа ажээ. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 31 нь сонгуулийн дүнг “сайн”, 58 хувь нь “маш сайн” гэж үзжээ.


Мөн тэдний дийлэнх нь Герман-АНУ-ын харилцаа Ж.Байдены засаг захиргааны удирдлага дор сайжирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь дөрвөн жилийн өмнө явуулсан санал асуулгын дүнгээс эрс өөр байжээ. Тухайн үед германчуудыг олонх нь Д.Трампын удирдлага дор хоёр орны харилцаа муудна гэж үзсэн байна.


Германы Канцлер Ангела Меркель ялалт байгуулсан нь Жо Байденд хэдийн баяр хүргэсэн юм. А.Меркель энэ долоо хоногийн эхээр Герман дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг зохицуулах чиглэлд АНУ-тай мөр зэрэгцэн хамтран ажиллана гэдгийг мэдэгджээ. 

Холбоотой мэдээ