Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-26 11:54:41

ТОКИО. /АР/. 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ганцаарчилсан уулзалт хийсэн байна.

Хоёр орны удирдагчид дэлхийн эдийн засгийн байдал, терроризмтой тэмцэх болон хоёр орны харилцааны асуудлууд, тэдгээрийн дотор Японд байрлаж буй АНУ-ын цэргүүдтэй холбоотой асуудлаар ярилцжээ.

Америкийн цэргийн баазын ажилтан эрэгтэй Окинава арлын оршин суугч япон эмэгтэйг боомилж, хутгалан амийг нь хороосон хэрэг гарсны дараа энэ уулзалт боллоо.

Барак Обаматай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Шинзо Абэ хэлэхдээ “Окинавад гарсан хэрэгтэй холбогдуулан би Обамад эсэргүүцэл илэрхийлсэн. Жигшүүрт ийм хэрэг гарсанд ихэд зэвүүцэж байна. Уг хэрэг Окинава төдийгүй Япон орныг бүхэлд нь цочролд орууллаа” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр Ерөнхийлөгч Барак Обамад хандан "япончуудын энэ эмзэглэл шаналлыг зүрх сэтгэлээрээ ойлгох хэрэгтэй" гэж хэлээд "ийм жигшүүрт хэрэг дахин гарахаас сэргийлэх арга хэмжээ авах"-ыг АНУ-аас хүссэн байна.

Хариуд нь Барак Обама “Окинавад болсон эмгэнэлт хэргийн талаар бид ярилцсан. Ийм хэрэг гарсанд гүнээ харамсч байна” гэж мэдэгдээд, эмгэнэл илэрхийлжээ.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “буруутныг шийтгэж, шударга ёсыг тогтоохын тулд Японы хууль сахиулах байгууллагуудтай АНУ хамтран ажиллана” гэж мэдэгдээд "ийм төрлийн гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна" гэдгээ амласан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ