Эхний 10 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 66.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-10 21:31:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж буй этгээдийг олж тогтоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мал мах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.  


Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж буй ажээ. Арга хэмжээний хүрээнд алба хаагчид хяналтын таван постод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 13.5-р зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн “Малчны хотонд” арга хэмжээг долоо хоног бүр өрнүүлж малчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулгыг газар дээр нь очиж хийн, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч, малын хулгайн гэмт хэргийг аль болох богино хугацаанд шалгах, хохирлыг барагдуулах боломжит арга хэмжээг авч, хамтран ажиллаж байгаа тухай тус аймаг дахь Цагдаагийн газраас танилцуулсан юм.

Түүнчлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан малчид малаа хариулгагүй орхидог нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүст боломж олгодог. Нөгөө талаар бод малаа хараа хяналтгүй орхиж, хээр хонуулах нь гэмт этгээдүүдийн хараанд өртөж, олзлогдсоор байгаа юм гэдгийг анхааруулав.

Тус аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 144 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар буурчээ. Үүнээс мал хулгайлах гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 66.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.3 нэгжээр өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.


Холбоотой мэдээ