Алтай суманд ЗДТГ-ын барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-09 16:15:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай суманд Засаг даргын Тамгын газрын шинэ барилгыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Босго тотго” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.


Шинэ барилгын нээлтийг 11 дүгээр сарын 6-нд зохион байгуулж аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр холбогдох албаны төлөөлөгчид, ард иргэд оролцсон юм. Мөн үеэр Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой, зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016-2020 онд сумдын Засаг даргын Тамгын газрын барилгыг шинээр барьж байгуулахад ихээхэн анхаарч ажилласан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн “Баярын илгээлт”-ийг сумын Засаг дарга Д.Цэрэвсамбууд гардуулж баяр хүргэлээ.

Шинэ “Нутгийн удирдлагын ордон” ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, тав тухтай орчинд хүргэх нөхцөл бүрдсэн бол сумын удирдлагуудын зүгээс тохижилтод онцгойлон анхаарахын зэрэгцээ Алтай сумын Уртын багийн уугуул Монгол Улсын аварга малчин Д.Ганболд 4 сая төгрөгийг хандивласан байна.

Холбоотой мэдээ