Малын татвараар малчдаас цахимаар санал авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-09 13:45:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумдын ИТХ-аас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулан шийдвэрлэх зарчмыг баримталж байна. Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос малын тоо толгойн татвар тогтоох талаар малчдын саналыг бодлого боловсруулагч нарт хүргэх зорилгоор санал асуулга явуулжээ. Санал асуулгыг аймаг, сумын Бэлчээр ашиглагчдын холбоод цахим хэлбэрээр зохион байгуулав. Энд МАА-н үйлдвэрлэл түлхүү эрхэлдэг 18 аймгийн 100 гаруй сумын малчид оролцжээ.


Санал асуулгад оролцогч малчдын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байсан бол 34 хувь нь 200 хүртэл, мөн 34 хувь нь 201-500, 20 хувь нь 501-999, 12 хувь нь 1000 болон түүнээс дээш толгой малтай байна. Тэдний 85 хувь нь малын тоо толгойн албан татвар тогтоохыг зөв гэж үзсэн бол 47 хувь нь татварыг малын төрөл тус бүрт ногдуулах, 49 хувь нь 0-2000, 35 хувь нь 250-2000 төгрөг байх нь зүйтэй гэж үзжээ. Мөн малчдын 46 хувь нь Бэлчээрийн эрсдэлийн сан байгуулах талаар санал гаргасан бол 49 хувь нь жил бүр малчдаас санал авч бэлчээр, ус, малын чанарыг сайжруулахад зарцуулах нь зүйтэй гэж үзжээ.



Санал асуулгад оролцогчдын 56 хувь нь сумын бэлчээрийн менежментийн хамтарсан ажлын хэсэг төвлөрсөн татварыг зарцуулах ажлыг зөв зүйтэй зохион байгуулж чадна гэж үзсэн бол 29 хувь нь сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 12 хувь нь сумын Засаг дарга гэж хариуцан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хариулсан байна.




Холбоотой мэдээ