Хятадын экспорт, импорт таван сар дараалан өсөв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-09 12:36:37

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сард Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт дүн 25.95 их наяд юаньд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 хувиар өссөн үзүүлэлт болсон талаар тус улсын Гаалийн ерөнхий газрын статистикт дурдсан байна.

            Тодруулбал, оны эхний 10 сард Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт 14.33 их наяд юаньд хүрч 2.4 хувиар өссөн бол, импорт 11.62 их наяд юаньд хүрч 0.5 хувиар буурсан байна. Улмаар гадаад худалдааны зөрүү 2.71 их наяд юань буюу 16.9 хувиар өсжээ.

            Харин 10-р сард Хятадын гадаад худалдааны хэмжээ 2.84 их наяд юаньд хүрсэн нь 4.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс экспорт 1.62 их наяд юань буюу 7.6 хувиар, импорт 1.22 их наяд юань буюу 0.9 хувиар тус тус өссөн байна. Улмаар гадаад худалдааны зөрүү 401.75 тэрбум юань буюу 34.9 хувийн өсөлттэй гарлаа.

            Хятадын ГЕГ-ын холбогдох ажилтны танилцуулснаар, энэ оны 6-р сараас хойш Хятад улсын гадаад худалдааны экспорт, импорт тав дахь сардаа дараалан  өсөлттэй гарсан бөгөөд экспортын олон улсын зах зээлд эзлэх хувь улам бүр нэмэгдсээр байгаа юм.

            Оны эхний 10 сард Хятад улс АСЕАН, ЕХ, АНУ, Япон, БНСУ зэрэг худалдааны хамгийн том түншүүдтэйгээ хийсэн экспорт, импорт бүгдээрээ өсөлттэй гарсан. Үүнээс АСЕАН-тай хийсэн гадаад худалдааны хэмжээ 3.79 их наяд юаньд хүрч /7 хувиар өссөн/ Хятадын хамгийн том худалдааны түнш нь болов. Хоёрдугаарт, ЕХ-той 3.62 их наяд юань /3.5 хувиар өссөн/, гуравт АНУ-тай 3.2 их наяд юанийн/3.9 хувиар өссөн/ худалдааг хийсэн байна.

            Түүнээс гадна Хятадын хувийн аж ахуйн нэгжүүдийн хийсэн гадаад худалдаа өсөлттэй гарсан буюу оны эхний 10 сард 1.2 их наяд юаньд хүрч, 10.5 хувиар нэмэгдэж, нийт гадаад худалдааны 46.2 хувийг эзэлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 3.9 нэгжээр нэмэгдсэн юм.

            Цахилгаан бараа, нэхмэл болон хуванцар бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байсан бол хувцас, гутал, чемодан зэрэг бүтээгдэхүүний экспорт буурчээ.       

Холбоотой мэдээ